Орос зөвхөн АНУ-ыг хакердаагүй

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Орос зөвхөн АНУ-ыг хакердаагүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп хоёрхон хоногийн дараа төрийн тэргүүний тангаргаа өргөх гэж буй ч оросууд сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хакер ажиллагаа явуулсан гэх дуулиан одоо хэр нь намжаагүй байна.

АНУ-ын тагнуулын албанаас гаргасан тайланд Владимир Путины тушаалаар оросууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийн тулд хакер ажиллагаа явуулсан гэж дурдсан байв. ОХУ-ын эрх баригчид энэ бүх мэдээллийг үгүйсгэсээр байгаа.

Өөрийн эрх ашгийн төлөө бусад улс орнуудын, тэр тусмаа Европын төрийн байгууллага, улс төрийн хүчин, нэр бүхий албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага гээд олон салбарыг хамарсан хакер ажиллагааг ОХУ-ын хакерууд өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд эрчимтэй зохион байгуулсан гэх.

Украин, Болгар, Эстони, Герман, Франц, Австрид болсон цахим халдлагын дараа мөрдөгчид сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдох, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц үймээн өдөөх, олон нийтийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг төөрөгдүүлэх зорилго бүхий халдлагын цаана Оросын хакеруудыг сэжиглэж байв. Энэ мэт өнгөрсөнд өрнөсөн үйл явдлууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх сэжгийг улам бататгасан гэж болно. Доналд Трамп анхнаасаа энэ бүхнийг үгүйсгэж байсан ч нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын тагнуулын албаныхны тайлантай танилцсаны дараа “ОХУ хакер ажиллагаа явуулсан болзошгүй” гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэж Трамп мэдэгдсэн билээ. “Оросын хакерууд АНУ-ын сонгуулийн үйл явцад цахим халдлага явуулсан, үүнд ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцсон” гэсэн АНУ-ын тагнуулын албаны тайланг ерөнхийлөгч Барак Обамад мөн танилцуулсан юм.

“Барууны орнуудын сул талыг тэдний эсрэг ашиглахдаа оросууд маш гарамгай. Нээлттэй интернэт орчинд цахим халдлага явуулах, үймээн самуун дэгдээх болон төрд итгэх ард түмний итгэлийг сулруулахын тулд чөлөөт хэвлэлийг ашиглах гэх мэтээр” хэмээн Вашингтон дахь Хадсон судалгааны хүрээлэнгийн судлаач Ханна Тобурний хэлснийг USA Today эшлэн тэмдэглэжээ.

Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клаппер тагнуулын албаны тайлангийн талаар Сенатын хороонд мэдээлэл хийв. 2017.01.05.

АНУ-ын тагнуулын албаныхан ерөнхийлөгч Барак Обама болон ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп нарт 35 хуудас бүхий тайланг танилцуулахын өмнөх өдөр /2017.01.05/ Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клаппер энэ асуудлаар Сенатын хороонд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр тайланд дурдсан тагнуулын байгууллагуудын дүн шинжилгээнд бүрэн итгэж буйгаа хэлээд, “Оросууд өөрсдийн төдийгүй бусад орнуудын сонгуульд хөндлөнгөөс оролцдог гэх урт түүх бий”, “Энэ бол олон талтай, зохион байгуулалттай арга хэмжээ. Хакердах гэдэг ердөө нэг хэсэг нь. Үүний цаана сонгодог хэлбэр суртал ухуулга, буруу ташаа, хуурмаг мэдээлэл зэрэг олон зүйл бий”, “Оросууд Европ болон Евроазид олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийн тулд цахим тактик, арга хэрэгсэл ашигласаар ирсэн” гэж мэдэгдсэн юм.

Орос хакеруудын нэг холбогдсон, сэжиглэгдсэн цахим халдлагууд хэзээ, хаана болж байв?

ЭСТОНИ

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Эстони НАТО-гийн гишүүн болоод төд удаагүй байсан 2007 онд нэлээд өргөн хүрээг хамарсан цахим халдлага гарав. Үүнд Эстонийн эрх баригчид Оросын хакеруудыг буруутгасан юм. Эстонийн засгийн газар, сонин хэвлэл, банкны цахим хуудсуудад халдсан нь нийслэл Таллин дахь “Хүрэл цэрэг” гэгддэг Дэлхийн II дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборыг буулгах тухай Эстонийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн үйлдэл байсан гэгддэг. ОХУ-ын талаас үүнийг эрс няцаасан.

Эстонийн нийслэл Таллин дахь Зөвлөлтийн дайчдын Хүрэл цэцэг дурсгалын цогцолбор


УКРАИН

Украины ерөнхийлөгч асан, Оросыг даган дэмжигч Виктор Янукович эх орноосоо зугтсанаас хойш болсон 2014 оны парламентын сонгуулийн үеэр цахим халдлага гарав. Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Украины Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд хакерууд удаа дараа халджээ. Мөн серверт халдаж, сонгуулийн дүнг будилаантуулах оролдлого гарсан тухай Украины шинжээчид мэдэгдсэн юм. Энэ хэрэгт тэд Оросыг дэмжигч CyberBerkut бүлэглэлийг буруутгажээ. Тухайн үед Украины албаны хүмүүс сонгуулийн системийг бүхэлд нь устгаж, халдлагад өртөөгүй, өмнө нь нөөцөлж авсан хувилбараа дахин ачаалсан талаар Украины парламентын сонгуульд ажиглагчаар ажиллаж байсан Хадсон судалгааны хүрээлэнгийн судлаач Тобурн ярьжээ.

Мөн Украины албаныхан 2015 оны арванхоёрдугаар сард тус улсын баруун бүс нутагт 80 мянган хүнийг цахилгаангүй болгоход хүргэсэн цахилгааны эх үүсвэрүүдийг гэмтээсэн халдлагад оросуудыг буруутгасан юм.


ГЕРМАН

Германы парламентын доод танхим Бундестагийн гишүүдэд хамаарах 15 компьютерт 2015 онд халдаж, нэлээд хэмжээний мэдээлэл алдагдав. Германы тагнуулын алба энэ хэрэгт ОХУ-ыг буруутгасан юм. Холбооны Үндсэн хуулийг сахин хамгаалах газраас цахим халдлагыг Оросын эрх баригчдын удирдлага дор Sofacy гэж нэрлэгддэг бүлэглэл үйлдсэн гэж мэдэгджээ. Дотоод аюулгүй байдлын асуудал эрхэлдэг тус газрын тэргүүн Ханс-Георг Маасен “Москва худал хуурмаг түүх зохиож, түүгээрээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхийг завдсан. 2015 онд гарсан нэг жишээ дурдахад, Оросын хэвлэлээр орос, герман гаралтай охиныг Берлинд цагаач иргэд хулгайлж, хүчирхийлсэн гэх мэдээлэл байсан” гэж өнгөрсөн арваннэгдүгээр сард “Ройтерс”-т ярьж байжээ.

Германы канцлер Ангела Меркель тус улсад 2017 онд болох сонгуулийн үеэр оросууд цахим халдлага явуулж, худал хуурмаг мэдээллийн аян өрнүүлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлсэн юм.

Германд Холбооны сонгууль ирэх арваас арваннэгдүгээр сард болно. Канцлер Ангела Меркел дөрөв дэх удаагаа нэр дэвшин өрсөлдөх юм.


БОЛГАР

Болгарт 2015 онд болсон олон нийтийн санал асуулга, орон нутгийн сонгуулийн үеэр тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны сервер халдлагад өртжээ. Халдлагыг 2013 онд Бруссель дэх НАТО-гийн удирдлагыг хакердаж байсан Оросын бүлэглэл үйлдсэн нь бараг тодорхой болов.

“Германы парламент, парламентын гишүүдийн бүх цахим шуудангийн мэдээллийг хулгайлсан, мөн НАТО-гийн удирдлагыг хакердсан, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг завдсан нь бүгд нэг эзэнтэй” гэж Болгарын ерөнхийлөгч Росен Плевнелиев өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлснийг ВВС дамжуулж байв. 2016 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Плевнелиевийн залгамжлагчаар Оросыг дэмжигч, улс төрийн хувьд шинэ хүн гэж болох Румен Радев тодорсон юм.


ЕАБХАБ

Венад төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээд өргөн хүрээг хамарсан цахим халдлагад өртсөн талаартус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Энэ тухай мэдээллийг Францын өдөр тутмын “La Monde” сонин анх мэдээлсэн бөгөөд барууны тагнуулын агентлаг уг халдлагыг APT28 зохион байгуулсан байж болзошгүй гэжээ. АРТ28 нь ОХУ-тай холбоотой бөгөөд Fancy Bear, Sofacy гэх нэрийг ч бас ашигладаг аж.

ОХУ нь ЕАБХАБ-ын гишүүн орон бөгөөд Крымын хойгийг өөртөө нэгтгэхээр Украинд цэргээ оруулсан тэдний үйлдлийг тус байгууллага хатуу шүүмжилж байсан тул ийм хакер ажиллагаа явуулсан гэж сэжиглэгдэж байгаа юм.

Вена дахь ЕАБХАБ-ын төв байр. Монгол Улс 2012 оны арваннэгдүгээр сарын 21-нд тус байгууллагын гишүүнээр элсэн орсон билээ.


ФРАНЦ

Францын TV5Monde телевизийн суваг 2014 онд хакеруудын дайралтад өртөж, компанийн компьютерийн системд ихээхэн хохирол учруулжээ. Халдлагын хэрэг дээр ажилласан “FireEye” гэх цахим аюулгүй байдлын компани халдлагад “Цахим Халиф” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг орос хакеруудыг буруутгав. Халдлагыг “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэл хийсэн мэтээр харагдуулахыг завдсан байжээ. Гэхдээ АНУ-ын Ардчилсан намын Үндэсний хороо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Европын бусад орнууд дахь цахим халдлагад сэжиглэгдэж буй Оросын АРТ28 бүлэглэлтэй ижил серверээс халдлага зохион байгуулсан байсан гэнэ.

“FireEye”-ийн мэдээлснээр “APT28 нь засгийн газарт хамгийн хэрэгтэй гэх мэдээллийг цуглуулахад анхаардаг. Багаар бодоход 2007 оноос хойш АРТ28 нь Оросын засгийн газарт дэмжлэг болохуйц олон мэдээллийг цуглуулсан. Үүнд бусад орнуудын засгийн газар, цэргийн болон аюулгүй байдлын байгууллагууд өртсөн” гэнэ.

Ирэх хавар болох Францын ерөнхийлөгчийн сонгууль цахим халдлагад өртөх өндөр эрсдэлтэй гэдгийг тус улсын эрх баригч Социалист намын аюулгүйн албаны дарга хэлснийг Politico.eu мэдээлжээ.


ПОЛЬШ

Варшавын хөрөнгийн бирж болон Польшийн өөр 36 вэбсайт 2014 онд цахим халдлагад өртөв. Их хэмжээний мэдээлэл алдагдаж, Холокост график дүрслэлүүд нийтэлсэн байжээ. Халдлагад CyberBerkut бүлэглэлийг буруутгасан бөгөөд тэд Украины сайтуудыг хакердсан оросуудтай холбоотой бүлэглэл юм. Лалын хэт даврагсад гэж өөрсдийгөө тодорхойлдог тус бүлэглэл мэдээлэл хулгайлахаас гадна, бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээллийг ил цацаж, хөрөнгийн бирж үйл ажиллагааг доголдуулжээ.

С.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY, CNN, BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж