-Стандарт хэмжил зүйн газраас ISO37001:2016 стандартыг энэ оны эхний улиралд багтаан Монголын үндэсний стандарт болгоно-
Монгол Улсад Авлигын менежментийн ISO37001:2016 стандарт хоёрдугаар сард багтаан нэвтрүүлэх гэж байгаа. Тэгвэл энэ стандартын талаар Шадар сайдын Стандартчилал, шударга өрсөлдөөний зөвлөх С.Янжинсүрэнтэй ярилцлаа.
–Авлигын стандарт гэж яг юу юм бэ гэдгээс асуултаа эхлэе. Энэ стандарт Монголд төдийгүй дэлхийд батлагдсан шинэ стандарт шүү дээ
-Олон Улсын стандартын байгууллага буюу бид ISO гэдгээр нь сайн мэддэг байгууллагаас 2016 аравдугаар сарын 13-нд Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 индекстэй стандартыг баталсан. Дэлхий нийтэд ядуурлыг, хээл хахуулийг хөгжүүлээд байгаа тогтолцооноос татгалзая, ядуурлыг бууруулахад дэлхий нийтээрээ тэмцэе гэдэг үзэл санаатайгаар энэ стандартыг олон улсын байгууллага баталж гаргасан. Манай Улсын Стандарт хэмжил зүйн газар бол Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд байдаг 90 гаруй жилийн түүхтэй байгууллага. Стандартын талаар мэдээг Шадар сайд маш талархан хүлээж авсан. Энэ авлигын менежментийн стандартыг бид бусад хөгжиж буй орнуудын зэрэг үндэсний стандарт болгож мөрдөх ёстой. Үүний тулд энэ асуудлыг эрхэлж байгаа Стандарт хэмжил зүйн газарт яаралтай арга хэмжээ авч MNS буюу монголын стандарт болгох үүрэг өгсөн. Тиймээс Стандарт хэмжил зүйн газраас ISO37001:2016 стандартыг энэ оны эхний улиралд багтаан Монголын үндэсний стандарт болгоор ажиллаж байна. Олон нийтийн стандарт зөвхөн хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээнд байдаг гэсэн ойлголт бас байдаг. Гэхдээ стандартгүй нэг ч хүний үйл ажиллагаа байхгүй. Хичээлийн хөтөлбөр, сургалтын орчин, бидний уншиж байгаа ном, сонин гээд бүх л зүйл стандарттай байдаг гэдгийг л бид ойлгох хэрэгтэй. Удирдлагын, менежментийн стандартуудын нэг нь л энэ авлигын стандарт юм.
-Үндэсний стандарт болгоход цаг хугацаа, маш их хийх ажил байгаа байх, тийм үү?
-Бид ISO37001:2016 стандартыг үндэсний стандарт болгохоор найман газарт саналаа хүргүүлсэн. Энэ найман байгууллагаас санал дүгнэлт ирсэний дараа ажлын хэсэг ажиллаж санал дүгнэлтээ гаргах ёстой. Юуны түрүүнд энэ стандартын үг хэл нь Монгол хэлэнд суух ёстой. Мөн хууль эрхзүйн орчинтой нийцэх гэх мэтийн техник ажлууд бий. Энэ мэтчилэн техник ажлыг хийхээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Бидний урьдчилсан таамагаар Цагаан сараас өмнө энэ стандартыг үндэснийх болгоно гэсэн зорилго тавьж байгаа. Одоогийн байдлаар манай стандартыг хоёр техникийн хороогоор хэлэлцэнэ. Тухайн стандартын техник шаардлагыг хэр зэрэг хангаж байгаад мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч, шүүн хэлэлцдэг.
-Авлигын стандарт гэдгээрээ иргэдэд ч, бусдад ч шинэ зүйл болоод байна л даа. Энэ стандартыг хэн мөрдөх вэ?
-Төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн орчинд ажиллаж байгаа аж ахуй нэгж, хувь хүн бүгд мөрдөж болно. Яагаад гэвэл, тухайн байгууллагад сайн засаглал, сайн менежментийн тогтолцоог бий болгоход чиглэсэн. Нэгдүгээрт, авлигын хамгийн их хардлага төрүүлдэг байгууллагууд, тодорхой хэмжээнд авлигад өртсөн байгууллагууд энэ стандартыг мөрдөнө. Стандартыг мөрдсөнөөр тухайн байгууллага авлига, хээл хахуулыг бууруулна, авлигыг алга болгох эсвэл аливаа байгууллагыг авлигаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Шадар сайдын зүгээс энэ стандартыг эхлээд үндэсний стандарт болгох, түүний дараа төрийн байгууллагуудаас эхлээд мөрдөх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид авлигад өртсөн гэж хамгийн их хардагддаг.Тиймээс төрийн албан хаагч, төрийн байгууллагуудын авлигад өртдөг гэсэн хардлагыг нэг мөр үгүй болгоно. Мөн авлига байгаа бол бууруулах, тэглэх болно.
-Авлигад өртөхгүй байх, энэ хардлагаас тухайн байгууллага, хувь хүн ангижрахын тулд энэ стандартын талаар мэдлэгтэй байх ёстой. Соён гэгээрүүлэх ажлыг хийх үү?
– Манай ард иргэдийн дунд стандартын талаар танин мэдэх, соён гэгээрүүлэх ажил явуулах шаардлагатай. Стандарт бол нэг талаас харахад хууль шиг заавал мөрдөх ёстой стандарт, сайн дураараа мөрддөг гэж хоёр ангилдаг. Авлигын эсрэг энэ стандарт нь сайн дураараа мөрдөх стандарт юм. Тиймээс хэрэв бид стандартаа монголын үндэсний стандарт болгочихвол нийт ард иргэдийнхээ дунд танин мэдэхүйн үйл ажиллагааг хийх ёстой. Хэрэв байгууллагууд стандартыг өөрийн байгууллагадаа авч хэрэгжүүлээд эхэлбэл мэргэжлийн зөвлөгөө өгөх, дүрэм журам оруулаад эхэлнэ. Стандартыг мөрдөөд эхлэхээр авлига эрс буурна гэж итгэж байна.
–Авлигын стандарт бол сайн дураар мөрдөх стандарт болно гэж байна. Сайн дураараа гэчихээр нөгөө талаар мөрдөх албагүй гэсэн сул тал үүсэх вий?
-Сайн засаглалын хэд хэдэн шинжүүдийн үндсэн шинж нь аливаа байгууллагын удирдлага авлигад автахгүй байх явдал. Тэгэхээр бид сайн дурын гэж хэлж байгаа ч гэсэн хүссэн ч хүсээгүй ч удирдлагын тогтолцоогоо сайн гэж үзэхийн тулд дотоод баг, хамт олон нь авлигаад ангид байх ёстой гэсэн шаардлага зүй ёсоор тавигдана. Нийгэмд бид хүссэн ч хүсээгүй бид нийгмээрээ нэгдэнэ гэсэн үг. Нэг жишээ хэлэхэд, Гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг хүн эсвэл байгууллага авлигад өртөх шаардлага байдаггүй. Тэгэхээр энэ байгууллага авлигын стандартыг зайлшгүй мөрдөөд байх шаардлагагүй болж байгаа юм. Харин гоо сайхны газар ариун цэврийн стандартыг зайлшгүй мөрдөх шаардлагатай байдаг. Энэ утгаараа заавал мөрдөх ёстой стандарт гэж байна, сайн дураараа мөрддөг стандарт гэж байдаг. ISO37001:2016 индекстэй стандартыг авлигад өртөх өндөр эрсдэлтэй, авлигаас ангижрах шаардлагатай, авлигад өртсөн, сайн засаглалыг төлөвшүүлэхээр эрмэлзэж байгаа байгууллагууд хэрэглэх нь илүү зохимжтой.
-Авлигын эсрэг стандарт хэрэгжээд эхлэхээр хяналтын тогтолцоог яаж хэрэгжүүлэх вэ. Авлигагүй байгууллагад иргэн эсвэл стандарт олгосон байгууллага нь хяналт тавих уу?
-Ийм стандарт хэрэгжүүлж байгаа байгууллагад баталгаажуулалт олгоно. Энэ нь тухайн байгууллага авлигын стандартыг мөрдөж байна уу, үгүй юу гэдгийг баталгаажуулна гэсэн үг. Хэрвээ стандартыг барьж чадах юм бол аливаа эрсдэлд өртөхгүй байх бүрэн бололцоотой. Стандартыг төрийн албанаас эхлээд мөрдөөд эхлэхээр хувийн байгууллага, аж ахуй нэгжүүд ч авлига өгөхгүй байх уриалгыг гаргана. Энэ шаардлагыг хүссэн хүсээгүй энэ стандарт тавьж байгаа.
Шадар сайдын хувьд, Монгол Улс энэ стандартыг нэвтрүүлэхэд түүчээлэх ёстой, онцгой анхаарал хандуулах ёстой гэдгийг анхааруулан ажиллаж байгаа. Яагаад гэвэл, ард иргэдийн дунд авлигаас ангижрах хүсэл эрмэлзэл, төрийн алба өөрөө авлигад автагдсан байж болзошгүй гэсэн хардлага их байгаа учраас энэ асуудлыг цэгцлэх ёстой гэдэг байр сууриас асуудалд хандаж байна. Үндэсний стандарт болгоод гаргах ажил нь хамгийн түрүүнд хийх ажил.
Ш.ЧИМЭГ