-Дэлхийн жишгийг даган автомашины улсын дугаарын стандартыг өөрчлөх нь зайлшгүй боловч цаг үетэйгээ нийцэж буй эсэхэд эргэлзээ төрнө-
Автотээврийн салбарын ойрын хэтийн зорилго дунд нэгэн анхаарал татахуйц шинэчлэл яригдаж эхэлсэн нь автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлт юм. Өдгөө манай улсад дөрвөн оронтой тоотой улсын дугаарыг хэрэглэж байгаа. Олон улсын хэмжээнд хэдийнээ халагдсан гэж үзэж буй дөрвөн оронтой улсын дугаарыг гурван оронтой болгох, аймаг орон нутгийн машинуудыг өнгө будгаар ялгамжлах гэх мэт шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Хөрш зэргэлдээ ОХУ манайх хоёр л дөрвөн оронтой тоогоор улсын дугаар олгож байсан бол саяхнаас сольж гурван оронтой болгожээ. Ингэснээр манай улс л дэлхий нийтээрээ дагаж мөрдөж буй стандартаас сугарч хоцорсон байх нь. Тиймээс олонхоо даган автомашины улсын дугаарын стандартыг өөрчлөх нь зайлшгүй боловч цаг үетэйгээ нийцэж буй эсэхэд эргэлзээ төрж байгаа юм. Товчхондоо улсын дугаар солиход тохиромжтой цаг үе ирсэн үү гэсэн үг л дээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 831 552 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгэн зэрэг солино гэвэл хэтэрхий нүсэр, хөрөнгө мөнгөний зарлага ихтэй ажил болно гэдгийг тооцоолсон гэдэгт найднам. Одоогийн байдлаар автомашины улсын дугаар хамгийн хямддаа 10-15 мянган төгрөг /үнэтэй буюу сүлдтэй дугаар 30 мянган төгрөг /, автомашины гэрчилгээ 12 500 төгрөг, дугаар авах хураамж 6000 төгрөг гэхчилэн тооцвол машиныхаа дугаарыг солиулахын тулд иргэдийн халааснаас чамгүй мөнгө гарахаар байгаа юм. Дээр нь дугаарын хязгаарлах болсноос хойш улсын дугаарыг хольж солих болсон. Үүнээс сэргийлж, улсын дугаарыг лацдах болсон юм. Лацдах үйлчилгээний хөлс улсын дугаараасаа ч үнэтэй. Ингээд бодохоор улсын дугаарыг шинэ стандарттай болгох нь багагүй хэмжээний бизнес болж таарч байна. Тиймээс бид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн захирал П.Дэлгэрмөрөнтэй холбогдож тодруулахад “Автомашины улсын дугаарын стандартын өөрчлөлт одоогийн байдлаар ярианы төвшинд байгаа. Нарийвчлан судалсны дараа шийдвэр гаргах ёстой. Манай АТҮТ бусад холбогдох албаныхантай хамтран судалгаа шинжилгээг хийнэ. Яг одоогоор улсын дугаар солих, шинэчлэхээр шийдвэрлэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгч байна. Өөрчлөх байлаа ч эхний ээлжинд шинээр дугаар авч буй машинуудад өгөх зэргээр аль болох иргэдэд чирэгдэл, хүндрэлгүй шийднэ гэж албаныхан амлаж байна.
Автомашин хүн бүрийн хэрэглээ болох тусмаа машинтай холбоотой бүхэн ашигтай бизнес болж цэцэглэдэг. Тэдгээрийн нэг болох автомашины улсын дугаарын наймаа газар авсан гашуун түүх бидэнд бий. Ялангуяа “Азын дугаар” буюу ижил тооны цуглуулга хоёр сая төгрөгөөр үнэлэгдэж байсан гээд бод доо. Харин сүүлийн жилүүдэд ил цагаан зар тавьж, улсын дугаар наймаалцахаа байжээ. Гэхдээ азын дугаарыг бусад дугаарын адил зүгээр л сугалаагаар олгож байгаа гэдэгт итгэхэд бэрх. Эксел, элентра, приуст азын дугаар зүүчихсэн яваатай таарч байсан уу. Тэгэхээр азын дугаарын бизнес далд хэлбэрт шилжиж, хэсэг бүлэг хүмүүсийн халаасаа зузаатгах нэг хэрэгсэл хэвээр байх магадлалтай. Байсгээд задалдаг шинэ сери доторх азын дугаарууд хаачдаг талаарх албан ёсны тайлбар өнөө хэр алга. Жичдээ хаягласан азын дугаарыг энэ удаад орхиё.
Харин нийт олонхын эрх ашгийг хөндөж буй улсын дугаарын стандартын шинэчлэлийн талаар ярилцах нь зүйтэй болов уу. Дээр өгүүлсэнчлэн дөрвөн оронтой улсын дугаарыг цөөлөх, эсвэл нэмэх нь ямархан үр нөлөөтэйг нарийвчлан судлахад илүүдэхгүй нь. Бусад улс орнуудын тухайд автомашины улсын дугаар олгохдоо юуг анхаардаг талаар энд онцолъё. Европын холбоо /ЕХ/-ны гишүүн улс орнуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарт ЕХ-ны бэлгэдэл 12 од байхын дээр ганц үсгэн тэмдэглэгээ байх жишээтэй. Жишээ нь D байх юм бол Герман улс /Deutschland/, Р гэвэл Польш улсыг илэрхийлдэг байна. Герман улсад л гэхэд тээврийн хэрэгслийн дугаар нь найман оронтой. Дөрөв нь үсэг, дөрөв нь тоо байдаг ажээ. Үсгүүд нь бүс нутгийг илэрхийлдэг бол сүүлийн дөрвөн оронтой тоог жолооч нар хүслээрээ сонгодог байна. Харин Польшид үйлдвэрлээд 25-аас дээш жил болсон машинуудыг классик гэж тодорхойлоод шар дэвсгэртэй улсын дугаар олгодог байна. Их Британийн автомашинууд долоон оронтой тоотой. Тэдгээр тооны эхний орон бүсчилэлийн код байдаг бол удаах тоонууд тухайн автомашины насжилтыг ч илэрхийлдэг байх жишээтэй. АНУ-д бол тоо үсэг холиод хүслээрээ дугаараа сонгох эрхтэй байдгаараа онцлог. Тиймээс ч Вашингтоны гудамжинд СҮҮН ЗАМ, ХҮННҮ зэрэг дугаартай машин давхиж явах юм билээ.
Энэ мэт тээврийн хэрэгслийн дугаар олголтод шингээсэн сайн шийдлүүдээс санаа авч, шилмэл дугаар гаргах нь мэргэжлийн байгууллагын үүрэг. Үүргээ биелүүлэх цаг хугацааг оновчтой сонгох нь түүнээс ч чухал гэдгийг дашрамд сануулъя.