Сонгинохайрхан дүүргийн хороодын сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарыг хууль зөрчин сонгож байна гэлээ.
Тэдний тайлбарлаж байгаагаар МАН-аас томилогдсон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нь 2016 оны арваннэгдүгээр сарын 25-ний өдрөөс Иргэдийн Нийтийн хурлын тамгыг хураан авч, Иргэдийн Нийтийн Хурлыг эрх зүйн чадамжгүй болгосон. Улмаар 2017 оны нэгдүгээр сарын 14, 15-ний өдрүүдэд дүүргийн МАН-ын үүрийн хурал хуралдана хэмээн гишүүдээ цуглуулж, энэхүү намын үүрийн хурлаа Иргэдийн нийтийн хурал болгон хувиргаж, хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид болон хорооны Засаг дарга нарыг хууль бусаар томилсон нь баримтаар илэрсэн байна. Иймээс энэ бүх хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, дахин Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж буй аж.
Уг хуралд МАН-ын гишүүд бус хорооны иргэдийн төлөөллийг хангах ёстой гэлээ.
Мөн тэдний тайлбарлаж буйгаар дээрх хууль зөрчсөн хуралдааныг зохион байгуулахдаа нэг бол өглөө эрт хурал зарладаг, эс бол ажил тарах үед гэнэт зарлан хуралдуулдаг байна. Хуулиараа бол хороодын Иргэдийн нийтийн хурал болох товыг 14 хоногийн өмнө зарлаж, иргэдээ оролцох боломжоор хангах ёстой аж.
Г.ДАРЬ