“Найрсаг” архинаас гадна шил арчигчийн сав олджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

“Найрсаг” архинаас гадна шил арчигчийн сав олджээ

Нийслэлийн Баянгол дүүргийн II хороо,  “Ногоон төгөл” хотхонд нэгэн зэрэг таван хүн өөд болсон хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэдгээр хүмүүсийг архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй хэмээн үзэж буй юм.  Уг хэрэг явдлаас үүдэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нийслэлд төдийгүй улс орон даяар нэгдсэн арга хэмжээ эхлүүлж, архи согтууруулах ундаа үйлдвэрлэгчид болон худалдан борлуулж буй газруудыг шалгаж байна.

Нас барсан хүмүүсийн уусан байж болох “Найрсаг” архийг “Мөнхжин-Од” компанид үйлдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар архийг шинжлүүлж байна. Шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарах юм.

Хэргийн газраас “Найрсаг” архинаас гадна “Гайхмаараа” шил арчигч шингэний сав олдсон бөгөөд ахуйн хэрэглээний шингэнийг архитай хольж уусан байж болзошгүй гэсэн таамаг байна.

“Найрсаг” архийг уусан нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарч байжээ. Тухайн үед архийг шинжлэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй байдаг аж.

Зарим эх сурвалж дээрх хоёр архинаас гадна 3-4 өөр үйлдвэрийн архины шил, сав хэргийн газраас олдсон. Тэдгээрийг нийлүүлж, найруулж уусан байх магадлалтай хэмээн үзэж буй юм. МХЕГ болон Цагдаагийн газраас шинжилгээний хариу гармагц нийтэд мэдээлэх ажээ. Тухайн үед бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж