Туркийн Истанбул хот дахь шөнийн клубт шинэ оны босгон дээр олон хүний амийг хөнөөсөн сэжигтнийг тус улсын цагдаагийн байгууллагынхан баривчлан саатуулжээ. Нэгдүгээр сарын 1-нд болсон эмгэнэлт хэргээс хойш гэмт этгээдийг улс орон даяар эрэн сурвалжилж байсан юм. Рейна хэмээх шөнийн цэнгээний газарт 39 хүнийг хөнөөсөн хэргийг Узбекистаны иргэн Абдулкадир Машарипов гэгч үйлдсэн гэж сэжиглэж буй. Түүнийг Истанбулын Эсэнюрт дүүргээс олж, илрүүлжээ. Сэжигтэн киргиз найзынхаа гэрт орогнож байсан аж. Түүнийг баривчлах үеэр дөрвөн настай хүү нь хамт байсан гэнэ. Улс орон даяар эрэн сурвалжилж байсан гэмт этгээдийг гэртээ орогнуулж байсан найзыг нь, мөн өөр бусад гурван эмэгтэйг баривчлан саатуулсан тухай Туркийн хэвлэлд мэдээлжээ.
Сэжигтнийг баривчилсны дараа цагдаагийн байгууллагаас саарал цамцтай, нүүрэндээ шарх сорви болсон зургийг нийтэлжээ. Туркийн эрх баригчид гэмт этгээдийг олж илрүүлсэн ч цаашид улс орноо гэнэтийн халдлага, террорист үйл ажиллагаанаас хамгаалах шаардлагатайг хэлсэн байна.
“Исламын улс” цэрэгжсэн бүлэглэл халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Сирид цэргээ оруулсан Туркийн эрх баригчдаас өшөөгөө авч байна гэсэн юм.
Гэмт этгээд он солигдсоны дараахан таксигаар шөнийн клубт хүргүүлж иржээ. Дараа нь машины тээшнээс буу авч, шөнийн клубын үүдэн байсан хамгаалалтын ажилтан болон цагдаагийн офицерийг буудаж хөнөөсөн байна. Дараа нь дотогш орж, шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээсэн нь камерын бичлэгт үлдсэн юм.
АБДУЛКАДИР МАШАРИПОВ ГЭЖ ХЭН БЭ?
- Узбекистаны үндэстэн
- 2016 оны эхээр гэр бүлийн хамт Туркийн төвийн Конья хотод суурьшсан
- Сэжигтэн Эбу Мохаммед Хорасани гэх нэр ашиглаж байсан
- “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэлийн гишүүн гэгдэж байгаа
Түүнийг Конья хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг байсан гэж Туркийн “Hurriyet” хэвлэлд мэдээлсэн байна. Тэр 2016 оны арванхоёрдугаар сарын 15-нд Истанбулд ирсэн байжээ.
С.ЦЭЛМЭГ