Цагаан америкчууд өнгөт арьстнуудаасаа 20 дахин баян

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Цагаан америкчууд өнгөт арьстнуудаасаа 20 дахин баян

Цагаан арьстан америкчуудыг арьсны өнгийн цөөнхөөс тусгаарлаж байгаа санхүүгийн хэмжүүр түүхэндээ хамгийн дээд амжилтыг тогтоолоо. Ийм дүгнэлтийг “Pew Research Center” судалгааны төвийн мэргэжилтнүүд хийсэн тухай “The Wall Street Journal” сонин бичжээ. АНУ-ын хүн амын тооллогын товчооны нийгмийн судалгаагаар авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар энэхүү мэдээллийг гаргажээ. Асуулгыг 2009 онд хийсэн ч мэдээллийн хэмжээ бага байсан учир үр дүн одоо л тодорхой болж байна.

Цагаан арьсан нэг гэр бүлийн хөрөнгийн хэмжээ нь хар арьстнуудын хөрөнгөөс 20 дахин илүүтэй байна. Латин америк гаралтай гэр бүлийн хөрөнгө цагаан арьстан айлынхаас 18 дахин бага үзүүлэлттэй гарчээ. АНУ-ын Засгийн газар 1980-аад оноос эхлэн ажиглалт явуулж байгаа бөгөөд энэ удаад ялгаа нь хамгийн их зөрөөтэй гарчээ. Цагаан арьстан америкчууд 2005-2009 оны санхүүгийн хямралыг багаар мэдэрсэн бол африк гаралтай америк айлын дундаж орлого 53 хувиар, латин америк айлынх гуравны хоёроор унасан  байна. Цагаан арьстан америк гэр бүл дөнгөж л 16 хувийн хохиролтойгоор санхүүгийн хямралыг туулсан байна. Энэ үеэр мөн тэдний санхүүгийн ялгаа нь хоёр дахин ихэсчээ.
 
Тусгайлан авсан айлын хөрөнгийн төвшинг гаргахдаа “Pew Research Center” төвийн шинжээчид гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө, машин, хадгаламж зэ­рэг хангалуун амьдралын бусад үзүү­­лэлтүүдийг авсан байв. Мөнгөнд хөр­вүүлбэл 2009 онд  ердийн нэг хар арьстан гэр бүл 5677 доллартай, испани хэлтний гэр бүл 6325 доллартай байсан бол цагаан арьстан айлын хөрөнгө 113149 доллар байжээ. Нийт хүн амын 14 хувь буюу 42 сая хүн хар арьстан байсан байна. Латин америк, Азийн хүмүүсийн америк нийгэмлэг арван жилийн дотор 43 хувийн өсөлттэй байв. Энэ хугацаанд АНУ-ын тэргүүлэх хүн амын хэсэг цагаан арьстнуудын өсөлт дөнгөж нэг хувьтай байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж