Монгол Улс анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосон нь 2011 он. МАН засаг барьж байх үед буюу Сү.Батболдын засаг Хөгжлийн банк байгуулж, Ази, Европ, АНУ-ын санхүүгийн зах зээлд арилжаалсан бөгөөд 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Арилжаанд оролцогдыг ангилж үзвэл, Азийн хөрөнгө оруулагчид 32 хувь, Европын хөрөнгө оруулагчид 36 хувь, Америкийн хөрөнгө оруулагчид 32 хувийг эзэлжээ.
Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах зорилго нь томоохон төслүүдээ урагшлуулах явдал гэж тухайн үеийн засгаас мэдээлж байв. 2011 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан Б.Батжаргал энэ мөнгийг төмөр зам, эрчим хүчний станц барихад зарцуулна гэж байсан V дугаар цахилгаан станц барих төсөл хэдийнэ таг чиг болсон. Харин эрчим хүч, төмөр замын төслүүдийг урагшлуулах зорилготойгоор авсан 580 сая ам.долларыг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
Ямар ч байсан авсан үнэн хойно, Монгол Улс ирэх гуравдугаар сарын 30 гэхэд өрөө барагдуулах ёстой. Үгүй бол дифолт зарлана гэсэн үг. Харамсалтай нь, МАН-ын засгийн үед зээлсэн 580 сая ам.долларыг төлөх чадвар МАН-ын засагт алга. Хөгжлийн банкны дансанд сохор зоосгүй болсон нь өнөөдөр Монгол ардын нам, Ардчилсан намын хооронд хэрүүлийн том сэдэв болчихоод байгаа.
Хөгжлийн банк төдийгүй Монголын Засгийн газарт 580 сая ам.долларыг “май” гээд төлчих боломж алга. Улсны төсөв нь 2.6 их наядын алдагдалд хүрч, дээр нь ирэх гуравдугаар сард 580 сая ам.долларыг олж төлөх гээд Мэргэжлийн засагт юун түрүүнд гурван тэрбум ам.долларын хэрэгцээ нэн шаардлагатай байгаа. Энэ мөнгийг тэгээд хаанаас олох уу?
Байгуулагдсан цагаасаа хойш мөнгөний эрэлд мордсон Засгийн газрын хамгийн том найдлага нь одоогоор ОУВС болсон. Сангийн сайдын шинэ оны өмнө хэвлэлийнхэнд мэдээлж байсанчлан ОУВС-гаас эцсийн хариугаа ирэх хоёрдугаар сард өгөх ёстой.
Хэрэв ОУВС-аас “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олговол 1-1.5 тэрбум ам.доллар Монголд орж ирнэ. Дээр нь энэ хөтөлбөрт хамрагдвал хоёр тэрбум хүртлэх ам.долларын зээл олгохоо Японы засгийн газар илэрхийлээд буй.
Харин энэ мөнгөөр ирэх гуравдугаар сарын 30-нд 580 сая ам.долларыг Ази, Европ, Америкийн хөрөнгө оруулагчдад төлнө гэсэн үг.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хэлснээр 580 сая ам.долларыг төлөх асуудлаар Мэргэжлийн засгийн төвшинд гурван хувилбар яригдаж байгаа бололтой. Нэг дэх нь дээр дурдсан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж авсан зээлээрээ зээлээ төлөх. Өөрөөр хэлбэл, хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхнө гэсэн үг.
Хоёр дахь нь, зээлийг төлөх хугацааг хойшлуулах. Хөгжлийн банкны удирдлагууд хөрөнгө оруулагчтай уулзаж, зээл төлөх хугацаа хойшлуулах гэрээ хэлцэл хийнэ гэсэн үг. Хэрэв хөрөнгө оруулагчид зөвшөөрвөл шүү дээ.
Гурав дахь нь, энэ зээлийг төлж чадахгүй гэдгээ зарлах. Гэвч энэ бол Монголын нэр хүнд хийгээд эдийн засагт тун эрсдэлтэй сонголт болно. Хэрэв Монгол Улс зээлээ төлж чадахгүй гэдгээ зарлавал, дараа дараагийн зах зээлээс мөнгө босгох, хөрөнгө татахад тун хүндрэлтэй юм. Тиймээс эрх баригчид арай ч ийм сонголт хийж, эдийн засгийн дампуурлаа зарлахгүй байх гэсэн найдлага байна.
Энэ жил 580 сая ам.доллар. Дараа жилийн нэгдүгээр сард 500 сая ам.долларын өрийг төлнө. Монгол өрөө төлөхөд бэлэн үү? Өө нээрэн, ингэхэд өр биш өглөг гэж хэлэх ёстой байх аа.
Ж.ЭРХЭС