Засгийн газар Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, нийт 11 тэрбум төгрөгийн бондыг өнөөдөр арилжих юм. Мэргэжлийн засгаас зургаан сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Бондын жилийн хүү нь 17.68. Харин дунд буюу хоёр жилийн хугацаатай, таван тэрбум төгрөгийн бондын жилийн хүү 18 хувь. Бараг л арилжааны банкуудын хүүтэй адилхан төвшинд очиж байна. Хэрэв та мөнгөтэй бол Засгийн газрын бондыг худалдан авсан нь найдвартай хөрөнгө оруулалт юм.
Сангийн яамнаас энэ оны нэгдүгээр улиралд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, нийт 160 тэрбум төгрөгийн бонд арилжахаар төлөвлөжээ. Богино хугацаат үнэт цаасны арилжааг долоо, дунд хугацаат бондын арилжааг 14 хоног тус нэг удаа зохион байгуулах гэнэ. Үнэт цаасны хямрдуулсан үнэ, купоны хэмжээг арилжаалах өдрөөс зургаан хоногийн өмнө нийтэд мэдээлэх байдлаар зохион байгуулах болсноо Сангийн яамнаас мэдэгдээд буй. 2013 онд Засгийн газрын бондын хүү 10-11 хувь байсан бол эдийн засгийн хүндрэлээс үүдэн 5-7 нэгжээр өсөөд байна.
Б.БАТ