Ерөнхийлөгч ДАВОС-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ДАВОС-ыг зорилоо

ӨЧИГДӨР БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. /2017.01.16/

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас агаарын бохирдол Замын цагдаа нарын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Нийслэлийн зургаан дүүргийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй, уулзваруудад зогсдог 40 цагдаа, мөн оффисын өрөөнд сууж ажилладаг 15 цагдаатай харьцуулан судалсан байна. Ингэхэд замын цагдаа нар оффисын өрөөнд ажилладаг ажилтнаас 2-5 дахин илүү хорддог болохыг тогтоожээ.


  • С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн өчигдөр /2017.01.16/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Ц.Амгаланбаатарын шоронгоос хүүхэд рүү нь бичдэг байсан гэх мессежийг олон нийтэд дэлгэсэн юм. Мөн анхан шатны шүүхээс хүүхдүүдэд нь 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.


  • “Сэнтрал Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг энэ сард /2017.01.09/ гарсан. Тэгвэл уг этгээдийг хууль хяналтынхан шалгаж, улмаар энэ сарын 10-нд Монголоос албадан гаргасан хэмээн Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


  • Монгол Улсад дэлхийн 122 орны 23 737 иргэн удаан хугацаагаар оршин суух бүртгэлтэй байгааг өчигдөр /2017.01.16/ Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дуулгалаа. Тухайлбал, БНХАУ-ын 8707, БНСУ-ын 2568, ОХУ-ын 2724 иргэн удаан хугацаагаар Монгол Улсад амьдарч байна.  Монгол оршин суугаа гадны иргэдийн тоо манай улсын нийт хүн амын 0.79 хувийг эзэлж байгаа аж.


  • Швейцарийн Давос хотноо болох 47 дахь удаагийн Давосын форумд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Тус форум энэ сарын 17-20-ны өдөр болох бөгөөд энэ жил “Хариуцлага, удирдагчийн хариуцлага” сэдвийн дор дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч хуран чуулах аж.


  • Улсын дээд шүүх шинээр байгуулагдаж буй “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг өчигдөр /2017.1.16/ хянан хэлэлцжээ. Гэвч хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.


  • Ардчилсан намын VI их хурлаас гарсан шийдвэрээр намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар болж, өдгөө нэр дэвшигчид монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзсаар байна. Өчигдөр Дархан-Уул аймагт 21 дэх уулзалт хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж