Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жил анх удаагаа энэ өдрийг “Вируст гепатитийн халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. Үүнийг мэд, үүнтэй тэмц” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Дамшрамд сонирхуулахад, дэлхийн гурван хүн тутмын нэг буюу ойролцоогоор хоёр тэрбум хүн элэгний В вируст гепатитын халдварт өртөж, 12 хүн тутмын нэг буюу 520 сая хүн элэгний В, эсвэл С вирусын архаг халдварыг тээн амьдарч байна. Жилд нэг сая гаруй хүн гепатит өвчний улмаас нас барж байна гэсэн судалгааг гаргажээ.
Манай улсын нийт хүн амын дундах өвчлөлийн байдлаар авч үзвэл элэг гээч эрхтний хавдар, хатуурал, үрэвсэл гэх мэтийн өвчлөл нэлээд дээгүүр эгнээнд “цохиж” яваа. Түүнийгээ ч байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд махан хэлбэрийн хүнд хоол хүнс их хэмжээгээр хэрэглэдэг, мөн дээрээс нь архи сархадыг багагүй зооглодогтой холбон ойшоохоосоо ойшоохгүй нь элбэг байсаар эрэгтэйчүүдийн дийлэнх нь дээрх өвчнөөр цагаасаа эрт хорвоог орхиж байгаа нь маргашгүй үнэн. Гэхдээ энэ бүхэнтэй эвлэрэх бус тэмцэх боломж бололцоо хангалттай байгааг холбогдох албаныхан хэлж байна. Элэгний өвчлөлийг эрүүл мэнд, эмнэлгийнхний хэллэгээр вирус гепатитийн халдвар гэж нэрлэж заншжээ. Харин иргэдийн дунд бохир гарын өвчин буюу халдварт шар өвчний халдвар гэж ойлгож болох юм. Нэгэнт элэг гэмтсэн тохиолдолд хорт хавдар ч болох тохиолдол манай улсын хувьд маш өндөр байгаа гэнэ.
Бидний амьдарч буй орчин нөхцөл, хэрэглэж буй хоол хүнс эргээд хүний эрүүл мэнд, ялангуяа элэг гэмтээх эрсдэл ихтэй байгаа гэх юм билээ. 1991 оноос хойш дөнгөж төрсөн нярайг гепатит В-гийн эсрэг вакцинжуулалтад хамруулснаар урьд жилүүдэд 10 мянган хүн тутмын 331-д элэгний гепатитын халдвар тархдаг байсан бол 2010 оны байдлаар 10 дахин бууруулж чадсан байна. Энэ бол халдварын тархалтыг бууруулахад хийсэн ажлын үр дүн. Зөвхөн дархлаажуулалтад хамруулснаар халдварын тархалт бууруулж чадах юм байна гэж тайвширч болохгүй нь. Учир нь, хотжилттой холбоотойгоор хүн амын хэт төвлөрөл, нягтаршил, хөрс, усны бохирдол, хүнсний аюулгүй байдал гээд олон сөрөг нөлөөлөлтэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд вирус гепатитийн тархалтыг тодорхой хэмжээнд бууруулж чадахгүй байгаа гэнэ. Гэхдээ хувь хүний эрүүл ахуйч байдлаас тун их шалтгаалдаг болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Одоогоор дэлхий дахинд элгийг гэмтээгч найман /А, В, С, D, E, F, G,TT/ төрлийн вирус байдгаас манай улсад тав /А, В, С, D, E/ нь нийт хүн амын дунд тархсан байгаа. А, Е вирус нь ихэвчлэн ус, хөрсний бохирдол, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ буюу ходоод гэдэсний замаар дамжин халдварладаг бол В, С, D вирус нь баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, тариур, бэлгийн хавьтал, гоо сайхны элдэв үйлчилгээгээр дамжин халдварладаг болохыг судлаачид тогтоожээ. Халдварт шар өвчин В вирусаар манай улсын хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа идэвхжих үеэр дэгдэлт ихэсдэг. Энэ нь анги танхимын хүрэлцээ, арутгал, харлдаргүйжүүлэлт, нэг ангид байх ёстой тооноос давсан гэх мэт байдал нөлөөлдөг байж болох талтай. Дэлхийн хэмжээнд жилд 1.4 сая хүн өвчилж, 1.3 тэрбум, нэг хүнийг эмчилэхэд хэдэн мянган доллар зарцуулж байна гэж тооцоолсон байдаг аж.
"Ардын эрх" сонин