Улсын хэмжээнд энэ хагас жилийн байдлаар 10 мянга 116 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн онтой харьцуулбал 2,4 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь 18-аас дээш насны 10 мянган хүн тутамд 55 хэрэг ноогдож байна гэсэн үг. Улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн тал хувь нь нийслэлд бүртгэгджээ. Төв, Хэнтий, Завхан, Хөвсгөл зэрэг найман аймагт гэмт хэрэг өссөн бол 14 аймагт буурсан үзүүлэлттэй байна. Мөн нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өсчээ. Нийт гэмт хэргийн 40,6 хувь нь хөнгөн, 47 хувь нь хүндэвтэр, 9,8 хувь нь хүнд, 2,6 хувь нь онц хүнд гэмт хэрэг байна. Өнгөрсөн онтой харьцуулбал онц хүнд гэмт хэрэг 31,2 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 2,3 хувиар, хөнгөн гэмт хэрэг 3,5 хувиар өссөн бол хүнд гэмт хэргийн гаралт 6,8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэрэгт нийт есөн мянга 273 хүн холбогдсоны 11 хувь нь эмэгтэй, 7,4 хувь нь хүүхэд, 63,7 хувь нь 18-34 насны байсан байна. Харин тал хувь буюу 57 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байжээ. Мөн 5,7 хувь нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байжээ. Нийт гарсан гэмт хэргийн хёор мянга 302 нь согтуугаар үйлдэгджээ. Мөн хүүхэд оролцсон хэрэг 48 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 6,4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 570 болсны дийлэнх нь 18-44 насны залуус ажээ.Үүнээс гадна найман аймаг, таван дүүрэг, төмөр замын салбарт гэмт хэргийн гаралт буурсан сайшаалтай үзүүлэлт ч бас байна. Тухайлбал Говь-Алтай, Орхон, Ховд, Сэлэнгэ, нийслэлийн Багахангай, Баянзүрх, Налайх зэрэг дүүргүүдэд гэмт хэргийн гаралт буурчээ.
Өнгөрсөн онд буюу 2010 оны эхний таван сард гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 541 байсан юм. Харин гэмтэж бэртсэн хүний тоо дөрвөн мянга 58 болсон нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.Харин гэмт хэргийн илрүүлэлт 58,1 хувьтай байгаагаас хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт 52,4, хүндэвтэр гэмт хэргийнх 57,6, хүнд гэмт хэргийнх 74,2, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 90,5 хувьтай байгаа ажээ. Гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүний амь насыг санаатайгаар бүрэлгэх хэрэг 1,2 хувиар, бусдын биед зориудаар гэмтэл учруулах хэрэг 29,2 хувиар, хүчингийн гэмт хэрэг 2,1 хувиар тус тус өссөн бол булаах, хулгайлах, залилах зэрэг хэрэг буурчээ. Гэвч хулгайн хэрэг дотроо малын хулгай, халаасны хулгай, автомашиныг тонож хулгайлах зэрэг хэрэг өсч буйг иргэдэд анхааруулж байна.
Өнгөрсөн хугацаанд хүн худалдах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн бол мансууралтай холбоотой есөн хэрэг бүртгэгджээ. Хүн худалдаалах, хар тамхины хэрэг их л хоол санагддаг байсан бол одоо бидний дунд болсон гэж сонсогдох нь харамстаар ч иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй биз. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн халдлагад 9692 хүн, 122 байгууллага өртөж хохирсоноос 570 хүн нас барж, 4058 хүн гэмтэж, улсын, хувийн болон нийтийн эзэмшлийн талбайд 14 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 6.3 тэрбум буюу 43.6 хувийг нөхөн төлүүлсэн байна.