1971 оноос эхтэй Дэлхийн Эдийн Засгийн чуулган World Economic Forum Davos албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Давост дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүд, 300 гаруй сайд, 1000 гаруй гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, 1000 гаруй нийгмийн зүтгэлтнүүд, энтрепренерүүд гээд нийт 99 орны 3000 хүн цугларчээ.
Давост оролцож буй оролцогчдын дундаж нас нь 52. Нийт оролцогсдын 79 хувь нь эрэгтэй гэнэ. Миний хувьд энэ чуулганд оролцож буй хамгийн залуу 5 оролцогчийн нэг болж байгаа юм байна. Жил бүр гишүүдээсээ нэлээн чанга шалгаруулалт явуулсны эцэст 50 шэйпэрийг сонгон Давост оролцох боломжийг олгодог бөгөөд миний хувьд энэхүү шалгуураар энд ирснийг энд онцолъё. Өөрсдийн үйл хэрэг, нөлөөллөөрөө үеэ манлайлж, салбартаа тэргүүлж байгаа дэлхий даяарх 6000 гаруй залууг эгнээндээ нэгтгэсэн Global Shapers нийгэмлэг бол WEF-ийн дэргэдэх залуусын байгууллага юм. Global Shapers Community Ulaanbaatar Hub маань үйл ажиллагаа, цар хүрээгээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийдээ үнэлэгддэг гэдгийг энд ирээд мэдэрч, бахархаж сууна.
Албан ёсны хөтөлбөр эхлэхээс өмнө миний бие Цюрих хотноо “Давосын өмнөх” залуусын уулзалтанд оролцож, Давост ирээд 2 өдрийн турш төрөл бүрийн сургалт, лекц, арга хэмжээнүүдэд оролцоод байна. World Economic Forum-ээс 50 залуугаа дэлхийн тэрбум тэрбуман залуусыг төлөөлж энд ирж буй гэдэг утгаараа маш сайн бэлдэж, ихээхэн ач холбогдол өгч байгаа нь мэдэгдэж байлаа. Ганцхан өдрийн дотор л Нобелийн шагналтантэй уулзах завшаан олдож, хүндэлж явдаг энтрепренерүүдийнхээ яриаг сонсох завшаан олдов. Мөн Дэлхийн Эдийн засгийн Форумыг үндэслэгч эрхэм Клаус Швабынхаа лекцэнд суулаа. Зөвхөн арга хэмжээний үеэр гэлтгүй кофены оочерлож байхдаа, автобусанд зорчиж суухдаа бүр төөрч будилж энэ тэрүүгээр тэнэж байхдаа “гайхалтай” үйл бүтээж буй хүмүүстэй танилцаж, тэдний түүхийг сонсох боломж тохиож байна. Энэ долоо хоног гайхамшигтай өрнөх нь ээ гэдэгт итгэлтэй байна.
Яг одоо миний бие Хятадын удирдагч Ши Жинпиний илтгэлийг сонсохоор төв зааланд сууж байна. Хятадын удирдагчдаас хамгийн анх удаа Давост ирж байгаа нь энэ болсон гэдгийг энд онцолъё. Дараа нь Microsoft-ийн С.Наделлагийн оролцох хиймэл оюун ухааны ирээдүйн талаарх хэлэлцүүлэгт сууж, International Finance Corporation (IFC)-ийн гүйцэтгэх захирал Филипп Ле Уэрутай биечлэн уулзана. Орой нь Salesforce-ийн Марк Бениоффийн хэлэлцүүлэгт сууж, Quartz, CCTV, Internews, Univision-ий удирдлагуудын хийх медиа салбарын талаар ярилцах оройн хоолонд оролцох юм.
Төгсгөлд нь “олимпийн” наадамдаа оролцох боломжийг маань нээж, төрөл бүрээр тусалж дэмжсэн бүх хүмүүстээ, тэр дундаа Unread, Gerel Plus Media Group, Global Shapers Community Ulaanbaatar Hub-ийнхандаа халуун талархал илэрхийлье.
Фэйсбүүкээрээ, мөн Unread-ийнхээ блогоор дамжуулан өдөр тутмынхаа сонин сайхан, дуулсан мэдсэн зүйлсээ хуваалцаж байхаар мөн шийдсэнээ дуулгая. Харин ямаршуухан байдлаар хүргэвэл илүү сонирхолтой байх талаар саналаа хуваалцаарай. Зураг авах чадвар маань, авч байгаа утас маань л жаахан гологдох нь дээ 😛