Төр сошиалаар ажлаа хийгээд байх шиг. Тэрийгээ иргэдийнхээ дунд ажиллаж, санал, бодлыг нь ажилдаа тусгаж байгаагийн илрэл хэмээн зөвтгөх. Сошиалаар хэн нь мэдэгдэхгүй хэдэн арван дагагчтай нөхдүүд цээжээ дэлдэж, дургүйгээ “балбаж”, дуртайгаа “долоож” байна. Тэднээс айсандаа төрийн бодлого массын ая талыг харсан, тэр нь эцсийн дүндээ хэрхэн нөлөөлж, ямар үр дагаврыг бий болгох вэ гэдгийг ч тооцолгүй гардаг болов.
Нийтийн амралтын өдрийг зохицуулахдаа сошиалаар тандалт хийж ч байх шиг. Үнэндээ олон нийтийн ухамсрын төвшин жирийн дундаж хүнийхээс ямагт доогуур байдаг. Учир нь аливаа асуудалд сэтгэл хөөрлөөр ханддаг учраас тэр. Тиймээс төр шийдвэр гаргахдаа сошиал медиаг бус мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээ, бодит нөхцөл байдлыг бодолцох ёстой. Аливаад шинжлэх ухаанчаар л хандана гэсэн үг. Үүний тулд мэргэжлийн хяналт, судалгаа, шинжилгээний хүрээлэн гээд институци төрд байдаг. Гэтэл тэднийгээ тоохоо болиод сошиал медиа буюу олон нийтийн сүлжээний сэтгэлийн хөөрлийг даган баясах болжээ. Хэрэвзээ шийдвэр нь тэр “зүгийнхэнд” таалагдахгүй бол өөрчлөнө, цуцална. Нөгөө нарийн бодит судалгаа, үр дагаварыг тооцсон судалгаа огт хамаагүй. Масст л таалагдаж байвал тэгээд гүйцээ. Хамгийн буруу алхамыг хийхийг олон нийтийн сүлжээ дэмжиж байгаа бол түүгээр л явна гэсэн үг. Уг нь массаас арай дөнгүүр, улс орны хэмжээнд асуудлыг үнэлж, цэгнэх бодолтой, боловсролтой гэж тэднийг сонгосон шүү дээ. Гэтэл нөгөөдүүлдээ дөрлүүлээд салгалах нь гутамшигтай. Оны өмнө сошиал ертөнцийг харж хэд хэдэн шийдвэрээ төрөөс цуцалсан.
Хамгийн сүүлчийнх нь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн гаргасан шийдвэр. Тэрээр өчигдөр орой сурагчдын амралтыг сунгахгүй гэдгээ мэдэгдэж байснаа өглөө “сунгана” гэж буцав.
Ханиад, томуу ихтэй, гадаа хасах 30 хэм хүйтэн ийм үед сурагчдыг хичээллүүлэх буруу гэсэн эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарснаас тэр. Ингээд өглөө болоход чих нь дүнгэнэж, нүд нь халтирсан сайд “Сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгах” шийдвэр гаргав.
Ийм амархан. Үндэслэл нь ердөө сошиалын эсэргүүцэл. Мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд суурилсан нь юу л бол. Уг нь хар массыг дагахаас илүүтэй эмч нарын дүгнэлт, мэргэжлийн байгууллагын судалгаанд суурилж, Ус цаг уурын орчин, шинжилгээний газрын мэдээнд үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Ингэж байж эрсдэл болоод аюулаас урьдчилан сэргийлж чадна. Түүнээс хэн нэгний амаар төр засаг шийдвэр гаргах нь балар эртний балай нарын л хийдэг ажил. Тийм толгойгүй сайд ч бидэнд хэрэггүй.
Асуудал сурагчдыг үргэлжлүүлэн амраах, амраахгүйдээ байгаа юм биш. Тэр шийдвэрийг хэрхэн бодитоор харж, ямар судалгаанд суурилж, хэнийг сонсч гаргаж байна вэ гэдэг нь чухал.
Амралтыг сунгасан үндэслэл нь ер нь юу юм бэ? Цэцэрлэг, их, дээд сургуулиуд яагаад хэвийн ажиллаад байгаа юм. Цэцэрлэгийнхэн даардаггүй, ханиад, томуу хүрдэггүй хэрэг үү. Үүний ялгаа, шалтгааныг мэдэж байгаа шийдвэр гаргах төвшний тушаалтан байна уу?
Энэ мэтээр төр өөрийн гэсэн бодлогогүй болж, массыг даган аливаа асуудлыг шийддэг болов. Энэ тохиолдол улс орон уруудна уу гэхээс өөдлөхгүй. Ямар ч судалгаа, шинжилгээгүй, сэтгэлийн хөөрлийг дагаад байвал ер нь төрийн хэрэг байна уу?
Интернэтээр хэлэлцэж байгаа хамгийн их санал авснаар нь шийддэг болчихвол ер нь яасан юм.
Сайд сэтэртэй сошиалд өнждөг нөхдүүд бодлого боловсруулж байна гэдэгт хувьдаа итгэхгүй байна. Утаснаасаа үргэлж зүүгдээстэй постчин аль завандаа анхаарлаа төвлөрүүлж төрийн бодлого боловсруулах юм бэ?
Ийм л эмгэнэлтэй дүр зураг харагдах болжээ. Уг нь төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн судалгаа, шинжилгээ, туршилт дээр суурилж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар гарах ёстой. Төр хүчирхэг байхын шалтгаан нь энэ. Түүнээс сошиалд хөтлөгдөх нь утгагүй. Аливаад ултай, суурьтай, судалгаатай л хандаасай билээ. Энэ ертөнцөд эмгэгтэй, эрүүл мэндийн хяналтанд байдаг хүмүүс цөөнгүй байгаад тэр ертөнцдөө нөлөө бүхий лидер болчихсон тухай социологичид хэлдэг. Тэгвэл манай төрийн шийдвэр тэндээс гарч байгаа нь лавтайяа “но”-той болж таарна аа даа.
Эрүүл хүнээс гарахааргүй шийдвэр гаргаад байгаагийн цаад учир нь энэ байж балрах вий дээ. Мэдээлэл цуглуулах нэг хэрэг, мэргэжлийн төвшинд судалж, буруу, зөрүүг нь ялгаж шийдвэрлэх түүнээс хэцүү.
Үүгээр "жиргээчдийг" жинлэх гэсэнгүй. Харин төрийн түшээд оноо авах бус оновчтой зөв шийдвэр гаргахын тулд арай илүү мэргэжлийн төвшинд асуудалд хандаасай гэсэндээ Мэргэжлийн тодотголтой засгийн "мэдрэмжгүй" сайдаар иш татав.