Ц.Дашдорж чөлөөлөгдөж, Д.Батхуяг сайд болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

 Ц.Дашдорж чөлөөлөгдөж, Д.Батхуяг сайд болох уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөж, суудлыг нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягт шилжүүлэхээр болсон тухай яриа саарал ордноос сонсогдож байна.

Сайд Ц.Дашдоржийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг намдаа тавьсан бололтой юм. МАН-ын Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдах сураг гарсан. Тиймээс эл хуралдаанаар Уул уурхайн дэд сайдын томилгооноос гадна сайдынх нь асуудал яригдаж магадгүй гэж яриа ч дуулдаж байна.

Д.Батхуягийн хувьд 2008-2012 оны үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэгддэг. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч нэр дэвшиж чадаагүй юм.

Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар хоригдсон. Улмаар шүүхээс түүнд 6 жилийн ял оноосон. Ялаа эдэлж байх үед УИХ-аас Өршөөлийн тухай хууль баталснаар түүнд хамрагдаж, 2015 онд суллагдсан. Тиймээс дээрх албан тушаалд нэр нь яригдаж эхэлсэн бололтой.

Уул уурхайн дэд сайдын суудалд хоёр ч нөхрийн нэр яригдаж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нар юм.

Шинэ он гарснаас хойш Д.Загджав Төрийн ордноос салахаа байсан. Гэхдээ Удирдах зөвлөлөөс хэнийг нь дэд сайдад томилуулахаа шийднэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж