Нэн ховор монгол бөхөн бог малын халдварт мялзан төст өвчний улмаас олноор үрэгдсээр байна.
Мялзан өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхэж хорогдсон гэх урьдчилсан тоог албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ тоо 62-оор нэмэгдэж, 789 болсон тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн Д.Байгалмаа мэдээллээ.
Тэрбээр “Өвлийн хүйтэнд өвчин туссан бөхөнгийн дархлаа муудаж, гурав хоногт үхэж, үрэгдэж байна. Орон нутагт ажиллахад үхсэн бөхөнгийн сэг зэм маш их тааралдаж байсан” гэсэн юм.
Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дөрвөн ажлын хэсэг байгуулж, тухайн сумдын Засаг даргын тамгын газартай хамтран уг голомттой нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ажээ.
Тухайн өвчин гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны заавар, зөвлөмжийн дагуу Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгаж, гурван метр гүнтэй нүх ухаж устгалын ажил хийж байна. Мөн үхсэн амьтны сэг зэмтэй газрыг өвчний цаашид тараахгүй байх үүднээс газрын хөрс, өвсийг ариутгах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
А.СҮРЭН