”Үндэсний лиг”-ийг орон нутагт хийж, шинэ түүхийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

”Үндэсний лиг”-ийг орон нутагт хийж, шинэ түүхийг нээлээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.01.-14-15/ эхэллээ. Энэ удаагийн лигийн тэмцээний плей-оффыг Зүүн бүсийг 11 хожилтой тэргүүлсэн “Эрдэнэт хот Икон” дөрөвдүгээр байраар шалгарсан “Өвөрхангай Хас Хэлхээ” багийн тоглолтоор эхэлсэн.

Гэхдээ энэ удаагийн тоглолтууд Улаанбаатар хотод бус тухайн аймгуудад болсон юм. Өөрөөр хэлбэл, "Үндэсний лиг"-ийн плей-оффын тоглолтууд орон нутагт анх удаа болж байна. Учир нь хасагдах шатанд таарсан багууд аялан тоглолт хийж, эзэн зочноор тоглов. Тиймээс хоёр багийн цувралын эхний тоглолт Орхон аймагт боллоо. Талбайн эзэд тоглолтын эхнээс санаачлагыг авсан бөгөөд хөгжөөн дэмжигчид нь багаа сайн дэмжиж байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Өвөрхангай тун сайн  өрсөлдөөн үзүүлж чадсан. Улмаар тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж эхлэв. Дөрөвдүгээр үед хоёр баг онооны давамгайллаа ээлжлэн солилцож байлаа. Шийдвэрлэх мөчид “Эрдэнэт хот Икон” багийн тоглогч Чадраавал алсын зайн шидэлтээ байнд нь тусгаж, тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Ийнхүү “Эрдэнэт хот Икон” 104:99-өөр өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 1-0 болгов. Талбайн эздээс Чадраавал 23 оноо авсан бол легионер тоглогч Андрэ Уинстон 22, Оргилболд 19, Чарлес Фанчес 14 оноо, 13 самбар авчээ. Харин зочид болох “Өврхангай Хас Хэлхээ” багаас Б.Дархантөгс 30, Брэндон Моррис 26 оноо авчээ. Тоглолтын дөрөвдүгээр үед “Өврхангай Хас Хэлхээ” багийн лидер Э.Цэрэнбаатар зургаа дахь алдаагаа гаргаж тоглолтыг чөлөөлсөн юм. Тоглолтын эхнээс “Эрдэнэт хот Икон” баг Э.Цэрэнбаатарыг алдааны асуудалд оруулж байсан нь хожил авахад түлхэц боллоо. Мөн Өвөрхангай аймгийн гол тоглогчдын нэг Т.Билгүүн тус тоглолтод оролцоогүй нь ихээхэн нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.

Цувралын хоёр тоглолт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өчигдөр/2017.01.15/ боллоо. Хоёр багийн тоглогчид хоёр өдрийн турш 1200 гаруй км туулан “Өврхангай Хас Хэлхээ” багийн талбайд очсон юм. Өврийн сайхан хангай нутгийн хүүхэд багачууд Үндэсний лигийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нь харагдаж байлаа. Спортын ордон үзэгчдээр дүүрчээ. Өвөрхангай нутгийн удирдлагууд болон “Өврхангай Хас Хэлхээ” баг тоглогчид плей-оффын тоглолтыг нутагтаа тун сайхан хүлээж авлаа. Тоглолтын эхнээс талбайн эзэд “Өврхангай Хас Хэлхээ” тэргүүлж эхлэв. Хөгжөөн дэмжигчид ч багаа гайхалтай талбайн давуу талыг мэдрүүлж байсан юм. Эхний хагаст “Өврхангай Хас Хэлхээ” илт давамгайлав. Гэвч гуравдугаар үеэс зочид “Эрдэнэт хот Икон” баг сэргэлтийг авч, олон онооны зөрүүг арилгаж чадсан юм. Улмаар тэд онооны тэргүүллийг авлаа. Дөрөвдүгээр үед “Эрдэнэт хот Икон” тэргүүллээ хадгалсаар 92:88-аар хожсон юм. Ийнхүү “Эрдэнэт хот Икон” цувралыг 2-0 болгов. Одоо тэдэнд ганцхан хожил хэрэгтэй бол Өвөрхангай хожигдох эрхгүй боллоо. Тус тоглолтод “Икон”-оос А.Уинстон 29 оноо авсан бол Фанчес 18, А.Сумъяа 15 оноо авсан байна. Харин талбайн эздээс Э.Цэрэнбаатар 21, Б.Дархантөгс 19 оноо авлаа.

“ҮНДЭСНИЙ ЛИГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ ПЛЕЙ-ОФФ:

  • "Эрдэнэт хот Икон” –  “Өвөрхангай Хас Хэлхээ” 2:0 /104:99, 92:88/

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж