“Гадаад дахь монголчуудыг нарийн хянах боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

“Гадаад дахь монголчуудыг нарийн хянах боломжгүй”

Виз олголт болон бусад цаг үеийн асуудлаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.


-Монгол Улсын виз олголт өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үү. Ямар үзүүлэлттэй байгаа вэ?

-Монгол Улсад орж ирэх визний зөвшөөрлийг дипломат төлөөлөгчийн газарт өгдөг. Харин 30-аас дээш хоногийн визтэй гадны иргэн заавал манайхаас зөвшөөрөл авч байж визээ авдаг. Виз олголт 2015 онд 26189 байсан бол 2016 онд 21251 болж, 5000-аар буурсан. Энэ нь гадны иргэд виз авч зорчих нь багассаныг харуулж байгаа тоо. Визний зөвшөөрөл 2015 онд 26 мянга байсан бол 2016 онд 21 мянга болж буурсан гэсэн ерөнхий дүнтэй байна гэсэн үг. Монгол Улсын иргэн жилд нэг удаа гадны иргэнийг урих эрхтэй байдаг. Жишээ нь, 2015 онд манай иргэд 573 иргэнийг урьсан байдаг бол 2016 онд 444 болж буурсан.

-Давхар иргэншил, Харьяатын хуулийн талаар иргэд төдийлөн ойлголт багатай байдаг. Та бүхэн энэ асуудалд, хуулийн өөрчлөлтөд ямар байдлаар ханддаг вэ?

-Харьяатын хуулиар бол Монгол Улсын иргэн давхар харьяалалтай байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхой заасан байдаг. Манай байгууллагын хувьд 100 гаруй орны туршлагыг судалсан. Өөрөөр хэлбэл, давхар иргэншлийг ямар орон, ямар тохиолдолд хүлээн зөвшөөрдөг вэ, хэрхэн зохицуулдаг вэ, хязгаарлагдмал байдлаар хүлээн зөвшөөрдөг үү гэх мэтчилэн олон талын судалгаа хийдэг.  Харьяатын хуульд өөрчлөлт орсноор хүмүүсийн буруу ойлгоод байгаа асуудал цэгцрэх байх.

-Хөрсний зарчмаар гадны иргэншилтэй болсон ч монголдоо ирж, очдог бол тухайн иргэнд визний хувьд тодорхой хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Виз олгоход хураамжаас хөнгөлөхөөс эхлээд тодорхой зохицуулалт бий. Виз олгоход 130 ам.долларын хураамжтай байдаг. Энэ хураамжаас хөнгөлөх гэх мэт. Жишээ нь, тухайн хүүхэд хөрсний зарчмаар АНУ-ын иргэншилтэй болсон ч Монголд ирж, очдог бол визний хөнгөлөлт үзүүлэх ёстойн

-Гадаадад байгаа монголчуудын албан ёсны тоо хэд хүрсэн бол. Аль оронд монгол иргэд хамгийн олноороо байдаг вэ?

-Гадаад дахь монголчуудад нарийн хяналт тавьж чаддаггүй. Хилээр орж гарсан хүний тооны багцаагаар баримжаалдаг. АНУ, БНСУ, ХБНГУ, Австралид монгол иргэд олон бий. Нарийн тоо хэлж чадахгүй. Монгол Улсын иргэн тухайн орны Элчин сайдын яаманд заавал бүртгүүлнэ гэсэн зүйл байдаггүй юм. Тэгэхээр хилийн тоон үзүүлэлтээр л хяналт тавьдаг.

-Сүүлийн үед гадаадын иргэдийг хууль бусаар хүн ажиллуулж байгаад баригдсан аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл гарч байна. Энэ тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ?

-Тухайн аж ахуйн нэгжид мөнгөн торгууль ногдуулдаг. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэнийг албадан гаргаж, тухайн аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага хүлээлгэдэг. Гэхдээ захиргааны арга хэмжээ хоёр дахин давтагдахгүй. Тиймээс нэг бол аж ахуйн нэгжийг, эсвэл тухайн иргэнийг торгоно. Гэхдээ аж ахуйн нэгжийг торгоход үнийн дүнгээрээ өндөр байдаг. Мөн тухайн торгуулсан аж ахуйн нэгж дахин ажиллах хүч авчрах бол бидний зүгээс визний зөвшөөрөл олгохоос татгалзах хүртэл арга хэмжээ авна.

-Гадаадын аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтөд хяналт тавьдаг уу?

-Манай байгууллагын хувьд татвар төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд оршин суух зөвшөөрлийг сунгах, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиглэлээр Монгол Улсад татвар төлж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд 2017 онд зөвхөн татвар төлөлтөөс гадна Монгол Улсад хэчнээн ажлын байр бий болгож байна вэ гэдэгт хяналт тавиад цаашид зөвшөөрөл олгох уу гэдгийг шийддэг.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж