Э.Цэндбаатар: Жингээ өөрчлөхгүй, 56-даа тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар: Жингээ өөрчлөхгүй, 56-даа тоглоно

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний /2017.01.10-15-нд болов/ хамгийн оргил тоглолт эрэгтэйчүүдийн 60 кг-ын алтан медалийн төлөөх тулаан байлаа. “Рио-2016” олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, Риогийн олимпийн шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нар энэ жингийн аваргын төлөө өрсөлдөж, ирээдүйн “Бадар-Ууган” хэмээн яригдах болсон Э.Цэндбаатар гурван үеийн тулааны дараа шүүгчдийн саналаар ялсан юм.

Энх цагийн “Цус гарсан” эрчүүдийн тулаанд ялж, улсын аваргын хамгийн үзүүштэй, өрсөлдөөнтэй тоглолтын ялагч болсон Э.Цэндбаатартай тоглолтын дараа сэтгэгдлийг нь хуваалцав.


-Аваргын төлөө маш хүнд тулаан хийлээ. Өнгөрсөн олимпийн циклд хамгийн өндөр бэлтгэл, хамгийн өндөр амжилттай байсан өрсөлдөгчөө яллаа. Анх удаа таарч тоглосон байх?

-Хүнд тулаан болсныг бүгд харсан байх. Д.Отгондалай ахтайгаа аваргын төлөө тоглосондоо баяртай байна. Ер нь бид хоёрыг таарах байх гэсэн таамаг хүмүүст нилээн байсан. Байдаг хүчээ л гаргалаа. Анх удаа тэмцээн дээр таарч тоглож байгаа ч бид бие биенийхээ тоглолтыг сайн мэднэ. Монголын боксын амьд домог болсон ахтайгаа аваргын төлөө тоглосондоо сэтгэл өндөр байна.

-Тоглолтын үеэр хөмсөг задарч, түүний улмаас цус алдах нь их байлаа. Гайгүй юу?

-Тулааны явцад хоёулангийн маань хөмсөг задарч, хэд хэдэн удаа эмчийн тусламж авсан. Хөмсөг задрах бол тулааны үед хамгийн нийтлэг тохиолддог гэмтэл л дээ.

-Яагаад жин өгсөж тоглох болов. 56 кг-д оролцох байх гэж бодож байлаа?

-Тэмцээний өмнө үндсэн жиндээ буюу 56 кг-даа орж чадаагүй. Багш нартайгаа ярилцаад дээд жиндээ тоглохоор болсон. Жин өгссөн болохоор их хүнд тулаанууд хийлээ. Шөвгийн 16-д А.Нурбек, наймд Р.Сүхмягмар, хагас шигшээд О.Батхүү ахтай таарч яллаа. Тулаан бүр амар байсангүй.

-Таныг цаашид 60 кг-д өрсөлдөх юм болов уу гэж сонирхож байгаа үзэгчид байж магад. Олон улсын тэмцээнд аль жинд оролцох вэ?

-Би цаашид өөрийнхөө үндсэн жинд тоглоно. 56 кг-даа. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн надад маш их урам зориг, эрч хүч өглөө. Тэмцээний “Шилдэг боксчин”-оор шалгарлаа. Маш их урамшиж байна. Тиймээс өмнө хүлээж байгаа тэмцээн бүртээ амжилттай оролцохын тулд хичээнэ ээ. Амлая.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Д.ОТГОНДАЛАЙ VS Э.ЦЭНДБААТАР /60 КГ/

Эх сурвалж: ETV

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж