Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөнд бол Оросын талын буюу Монгол-Оросын хамтарсан консорциум гэдэгт Япон, Өмнөд Солонгосын төлөөлөл багтаж байгаа гэсэн хариуг амаар өгсөн гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал хариуцсан ахлах референт О.Цэндсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн байна. Үүнээс гадна олон улсын тендерт тунаж үлдсэн зургаан консорциумаас гурвыг нь шигшлээ гэж байсан хэдий ч өдгөө “гол баатар”-уудын нэг болоод байгаа Монгол-Оросын консорциум гэгчийн нэр “шөвгийн зургаа”-д огт байгаагүй гэсэн фактыг албаны хүмүүс хэлээд байгаа. Ер нь бол хэдийнээс гүйцэтгэх засаглалынхны зүгээс дээр дурдсан хоёр хөрш+гуравдагч хөрш гэсэн зохицлыг хангах нь геополитикийн хувьд ч хамгийн оновчтой сонголт гэж байсан ч тендер гэдэг тендер л байдаг. Хэн хүссэн бөгөөд боломжтой, сонирхолтой байгаа нь тендерт оролцоно уу гэж олон улсын нээлттэй тендер зарласан мөртлөө дараа нь хариу тодорхой байсан мэт тайлбар хэлэх нь “хүний хүүхдүүд”-ийг хий уралдуулсан мэт дүр зураг харагдаад байгаа биз дээ.
Энд эргэн сануулахад анх Тавантолгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад 11 консерциум оролцож байгаа гэсэн ганц тоог “Эрдэнэс МГЛ”-ынхон тод чангаар хэлдэг байсан. Гэвч хоёр жилийн өмнөөс зарласан тендер дунд нь тоймлоход хэцүү олон нугачаанд бүдэрч ээдэрсээр сүүлдээ бүр учир нь ч ойлгогдохоо больсон. Тухай үед нь албаны эх сурвалжуудын тайлбарласнаар бол Засгийн газрын шийдлийг хүлээж байна хэмээн хоёр ч удаа хугацааг нь хойш татаж байсан. Эхний удаад 11 консорциум оролцож байгаа гэсэн боловч сүүлд гаргасан мэдээллээр буюу өнгөрсөн жилийн есдүгээр сарын 24-нд саналыг хүлээж авах хугацааг дуусгавар болгоно гэсэн хоёр дахь удаагийн “хугацаа сунгалт”-аар
-Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стилэнд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум,
-ОХУ-ын ”Базовый элемент”, “Реново” компанийн консерцуим
-АНУ-ын “Пибоди Энержи” болон БНХАУ-ын “Шинхуа Энержи” компанийн хамтарсан консерциум,
-Япон Улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” компанийн консерциум,
-Швейцари-Австралийн “Экстрата” компани,
-ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг,
-БНХАУ-ын “Эрдос Чинглон Коул” групп саналаа ирүүлсэн гэгдэж байсан. Үүний өмнө ч ”Базовый элемент”, “Реново”-той хамтрана гэгдэж байсан “Северсталь” нэрээ татсан. Японы “Мицуй”, Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай хамтрахаар боллоо гэсэн мэдээллүүд гарч байсан. Гэвч хэн нь хэнтэйгээ хамтарч, салж нийлж байгаа талаар мэдээлэл мөн л хомсхон байсаар өнөөдрийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн үедээ анх саналаа өгч байсан 11 консерциум дотроо “нэгдэн салах урвал”-ууд явагдаж байна гэсэн маягийн тайлбар албаны хүмүүс хэлж байсан санагдаж байна. Энэхүү тайлбарт үндэслээд анх саналаа өгсөн компаниуд гэрээ хэлэлцээрийн шатанд нэгдэх нь нэгдэж, тусгаарлах нь тусгаарлаж өнөөгийн гурван ялагч торойж гарсан юм болов уу л гэж таамаглахаас. Гэхдээ л дээр дурдсан тендер бол тендер байдаг учраас ямархуу гэрээ хэлэлцээрээрээ “нэгдэх салах” процесс явагдсаныг холбогдох албаныхан тайлбарлах нь зүйтэй болов уу? Энд Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгээд үйл явцыг нээлттэй, ил тод байлгах ёстой гэсэн чигийг УИХ-аас гаргасан тогтоолд үгчлэн үүрэг болгосон гэдгийг дахин сануулах юун. Тэр ч дагуу удахгүй энэ бүхэнд эгэл жирийн иргэн хэн боловч ойлгохоор цэгцтэй хариулт өгөх буй за гэж найдацгаая.
Харин одоо яг ямар үйл явцыг бид хүлээгээд өөрөөр хэлбэл хүсэн хүлээж байгаа Тавантолгойн ашиглалтыг “хурдны зам” дээр гаргахад юу хүлээгдээд байгаа билээ.
Юуны өмнө уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой. Үүнд Засгийн газрын зүгээс асуудлыг нарийвчлан тайлбарлаагүй, ойлгомжгүй зүйл их байгаа гэж тус зөвлөлийнхөн гомдоллож буй. Төсөрхөн хийсэн энэ мэдэгдлээс хойш даанч их хугацаа өнгөрөөгүй байгаа болохоор хэрэгтэй мэдээллийг цэгцлэн танилцуулсан гэж итгэхэд хэцүү. Танилцуулсан байлаа ч энэ долоо хоногийн хувьд л гэхэд Ерөнхий сайд Дундговь, УИХ-ын дарга Хөвсгөл аймагт наадамдаж буй. Тэгэхээр тэд ирээд асуудлаа цэгцлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана гэвэл энэ долоо хоногтоо л лав амжихгүй нь гээд таамаглачихад хол ташаа зөрөхгүй л болов уу?
Харин дашрамд энэ долоо хоногийн бас нэг чихэнд чимэгтэй мэдээлэл нь Тавантолгой нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах эхний шанг татаж, гэрээнд гарын үсэг зурсан ёслолын ажиллагаа болов. Зүүн Цанхи буюу “Эрдэнэс Тавантолгой” компани оператори компанитай хамтран нүүрс олборлох хэсгийн бүтээгдэхүүнийг Хятадын төрийн мэдлийн “Chinаlco” компанийн охин компани болох “Chalco” худалдан борлуулж зөвхөн Хятадын гэлтгүй БНСУ, Японы компаниудад таван жилийн турш нийлүүлэх болж байгаа юм. Учир нь тус компани манай улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн бөгөөд үүний хариуд “Эрдэнэс Тавантолгой” борлуулалтыг таван жил хариуцна. Харин үүнээс хойш Монгол Улс өөрөө борлуулалтаа хариуцах юм байна. Ямар ч гэсэн урьдчилгаа гээд авчихсан 250 сая ам.доллараа төлж эхлэх нь дээ, Тавантолгойн нүүрсээрээ…
А.ТУЯА
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин