Обама “шүгэл үлээгч”-ийн ялыг хөнгөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Обама “шүгэл үлээгч”-ийн ялыг хөнгөлжээ

Брэдли Маннинг ял сонсоныхоо дараа өөрийгөө Чельси Маннинг гэж нэрлэх болсон

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Wikileaks” сайтад дипломат болон цэргийн нууц мэдээлэл задруулсан хэргээр хорих ял эдэлж буй трансжендер цэргийн ялыг хөнгөлөх зарлиг гаргажээ. 29 настай Брэдли Маннинг (ял сонсоныхоо дараа өөрийгөө Чельси Маннинг гэж нэрлэх болсон) суллагдах хугацаанаасаа өмнө ирэх тавдугаар сарын 17-нд шоронгоос гарах аж. Холбооны шүүхээс 2013 онд түүнд 35 жил шоронд хорих ял оноосон юм. “Wikileaks” сайт 2010 онд АНУ-ын төрийн нууцад хамаарах том хэмжээний материалыг дэлгэн харуулсан бөгөөд үүнд Брэдли Маннингийн оролцоо их байжээ. Тус сайт 700 мянга гаруй нууц материал дэлгэсний дунд АНУ-ын Апаче нисдэг тэрэг 2007 онд Иракийн нийслэл Багдад хотод 12 энгийн иргэнийг бөмбөгдсөн бичлэг байжээ.

Брэдли Маннинг өнгөрсөн онд Канзас муж дахь шоронд хоёр удаа амиа хорлохыг завдсан аж. Мөн тэрбээр хүйс солих эмчилгээ хийлгэхийн тулд өлсгөлөн зарлаж, санасандаа хүрсэн юм.

Барак Обама нийтдээ 1385 хоригдлын ялыг хөнгөлж, 212 хүнд өршөөл үзүүлснээр АНУ-ын хамгийн энэрэнгүй ерөнхийлөгч болж байна. Тэрбээр АНУ-ын өмнөх 12 ерөнхийлөгчийн өршөөсөн хүнийг нийлүүлснээс ч илүү олон хүнд энэрэл үзүүлжээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж