Тэмүүжинг амилуулсан Ч.Цэнгүүн

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Тэмүүжинг амилуулсан Ч.Цэнгүүн

“Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, “Тэнгэрийн хун тайж” буюу Pole dancer Ч.Цэнгүүнтэй ярилцлаа. Тэрбээр “Pole dance” урлагаар жилийн хугацаанд хичээллэж буй залуу уран бүтээлч бөгөөд энэхүү урлагийн төрлийг Монголын үзэгчдэд таниулсан, онцлох оролцогч билээ.

Гэрэл зургийг Ц.Ариунболд

“Авьяаслаг монголчууд” шоунд үзүүлсэн таны үзүүлбэр олны сонирхлыг ихэд татсан. Зургаан настайгаасаа спортын гимнастикаар хичээллэсэн нь энэ урлагаар хичээллэх суурь болж өгсөн байх гэж бодсон?

-Мэдээж хөдөлгөөний суурь, эвсэлтэй байсан болохоор “Pole dance”-ийг хийхдээ анхлан суралцаж байгаа хүмүүсийг бодвол арай өөр төвшнээс эхэлсэн гэж хэлж болно. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг шүү дээ. Багаасаа спортод хөл тавьсандаа баярлаж явдаг.

-Өөрийн “Poledance” студийг байгуулсан гэж дуулсан. Энэхүү сургалт нь монголдоо анхдагч “Poledance” студи гэж ойлгож болох уу?

-Надаас маш олон хүн “Poledance” урлагийн талаар асуугаад л байгаа учраас жинхэнэ утгаараа ажил хэрэг болгож, өөрийн студийг байгууллаа. Уг сургалтадаа цөөн тооны хүмүүст л заах боломжтой. Учир нь би ганцаараа шүү дээ. Одоогоор бэлтгэл эхэлчихсэн байгаа. Энэ урлагаар хичээллэхийг үнэхээр хүссэн хүн миний Canis Tsenguun фэйсбүүкээр холбогдож,  нэгдэх боломжтой. Миний хувьд “Poledance” урлагаар хичээллэсэн анхны бүжигчин хэдий ч студи маань монголдоо анхдагч студи биш.

-“Авьяаслаг монголчууд” шоуны дараагаар хамтарч ажиллах санал хүлээн авсан уу. Шоу ертөнцөд бол та яах аргагүй шинэ дүр төрх болж гарч ирсэн болохоор санал их ирсэн байх гэж бодож байна?

-Надад янз бүрийн санал ирсэн. Одоо ч хүмүүс холбоо барьж байна. Миний хувьд зөвхөн өөртөө зориулж хийдэг байсан зүйлээ “Авьяаслаг монголчууд” шоугаар дамжуулж олон хүнд  хүргэсэн маань сайхан сэтгэгдэл үлдээсэн. Олон хүн намайг таньдаг болсон, мэдээж бас маш сайхан урмын үгс сонсдог болсон. Магадгүй би бусдад хэрэгтэй бол яг энэ цаг үед л бэлэн байх ёстой гэж бодож байна. Тэр олон хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд, бас олон жилийн турш сурч мэдсэн, хичээж хийсэн зүйлийн минь үр дүн энэ цаг үеэс л эхэлж байх шиг санагдаж байгаа. Хамтарч ажиллах саналын талаар ярилцаж л байна.

-Шоуны үеэр гэр бүл, ойр дотныхон нь хамгийн их дэмжсэн байх. Хагас шигшээгээс хасагдах тэр мөч танд хэцүү байсан уу?

-Ойр дотныхон, гэр бүлийнхэн бол надаас илүү сэтгэл хөдлөлтэй хандсан байх. Харин би эсрэгээрээ их тайван байсан. Тайзан дээр байх нь илүү тайван орчин шиг санагддаг. Телевизээр үзэж байгаа хүмүүсийн сэтгэлд илүү мэдрэг хүрдэг байх.

-“Авьяаслаг монголчууд” шоуны үзүүлбэрийнхээ санааг хэрхэн гаргаж байсан бэ?

-Надад өөрт маань хүчтэй мэдрэмж төрүүлдэг дуунаас эхэлдэг гэж болно. Тэр дуу миний бодож явдаг зүйлтэй утга нийцэх нь их чухал. Тэгээд л тухайн дууны утгыг харуулж, түүний нэг хэсэг болгож үзүүлбэрээ бэлддэг. Чихэвчний хөгжим сонсоод алхаж байхдаа та дуунаас авсан мэдрэмжээ дотроо төсөөлж үзсэн үү? Би яг тэгж төсөөлдөг. Тэгээд л төсөөллөө бодит болгох гэж хичээдэг. Шоунд үзүүлсэн үзүүлбэр маань миний тийм төсөөллийн нэг хэсэг нь гэж хэлж болно.

-Шоуны оролцогчдоос хэнтэй нь илүү дотно найзууд болсон бэ?

-Бидний хувьд шоу үргэлжилсээр байгаа болохоор эцэст нь л дүгнэж хэлж чадах байх даа. Олон сайхан найзтай болсон. Бүгд дотно нөхөрлөдөг.

-Цаашдаа “Pole dance” урлагаараа дагнаж уран бүтээл хийх үү?

-Энэ урлагийн төрөл өөрөө их өргөн хүрээтэй юм л даа. Зүйрлэвэл би ердөө л нэг ширхэг нь ч байж болохоор. Гэхдээ Азиас, тэр дундаа Монголоосоо анхлан хичээллэгчдийн нэг болж байгаагийн хувьд онцлогоо мэдрээд, өөрийн гэсэн хэв маягтай бүтээл хийх хүсэлтэй. Тэгж байж л тэр жинхэнэ давтагдашгүй  бүтээл болж, би өөрөө уран бүтээлч болох байх.

-“Pole dance” урлагийн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог гэсэн. Олон улсын хэмжээний тэмцээнүүдэд өөрийгөө сорих уу?

-Би тамирчин гэхээсээ илүү уран бүтээлч байхыг хүсдэг. Тэмцээн гэхээс илүүтэй тоглолт нь надад сонирхолтой санагддаг болохоор тэр талаар төлөвлөгөө гаргаагүй.

-Та циркийн жүжигчин байсан гэсэн үү?

-Багадаа “Монгол цирк”-д гэрээт жүжигчин байсан. Шидэлттэй акробатын төрөлд тоглолтод оролцдог байсан. Том болоод шидэлттэй акробатын төрөлд тоглох боломжгүй болсон учраас больсон.

-Төв аймагт төрж өссөн гэж сонссон. Эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Би Төв аймгийн Зуунмод хотод төрж, Улаанбаатар хотод өссөн. Эцэг эхээс гурвуулаа. Нэг ах, охин дүүтэй.

-Таныг багадаа “Үхэж үл болно” кинонд тоглосон гэж сонссон? Ер нь уран бүтээлч болох эхлэлээ багаасаа л тавьсан санагдаж байна?

Анх Жамухын бага насны дүрд шалгуулсан ч Тэмүүжингийн дүрд тоглосон. /инээв/ Яг юу болсныг ээж л сайн мэдэх байх. “Үхэж үл болно” кино бол одоогоор миний тоглосон ганц л кино шүү дээ. Түүхэн киноны нэг хэсэг болж, дүр бүтээсэндээ баяртай байдаг.

-Та найз бүсгүйтэй юу? Үерхэлийн талаарх бодлоо хуваалцаач?

-Байхгүй. Би үерхэл гэдгийг сайн ойлгодоггүй. Гэрлэхийн өмнөх туршилт ч юм шиг эсвэл зүгээр тохиролцоо, гэрээ ч юм шиг. Хүн хүнээрээ уйдаагаа гаргаж байгаа ч юм шиг. Үерхэл гэхээсээ илүү хайр сэтгэлээс үүссэн харилцааг эрхэмлэдэг.

-Чөлөөт цагаараа ном их уншдаг гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би ном унших их дуртай шүү. Хамгийн сүүлд Нобелийн шагналт Турк зохиолч Орхан Памукын “Цас” романыг уншиж байна.

-Орчин цагийн залуус ихэнх мэдээллийг цахим ертөнцөөс авдаг болсон. Та сошиалд хэр идэвхтэй байдаг вэ?

-Зөвхөн мэдээллийн тухайд асууж байгаа бол тийм ээ. Интернэт бидний өдөр тутмын амьдралын  нэг хэсэг нь болчихсон шүү дээ. Гэхдээ мэдээлэл, мэдлэг хоёрын аль нь чухал гэдгийг сайн нягтлах, цагаа зөв зарцуулах хэрэгтэй болов уу.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу. Ирээдүйд юу хийхийг хүсч, зорьж байна вэ?

-Би өөрөөр байхыг, өөрийнхөө хүсч байгааг биелүүлэхийг л зорьж, мөрөөдөөж явдаг даа. Залуу хүн болохоор олон сайхан зорилго бий.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж