Хятадын удирдагч асан Мао Зэдуныг шүүмжилж, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн их сургуулийн профессор Дэн Сьяачао ажлаасаа халагджээ. Тэрбээр Мао Зэдуны мэндэлсний 123 жилийн ойн өдөр /2016.12.26/ Weibo сошиал сүлжээнд “Гурван сая хүнийг үхэлд хүргэсэн өлсгөлөн, хоёр сая хүний аминд хүрсэн Соёлын хувьсгалын буруутан нь Мао” хэмээн бичсэн байна. Төв Хятадын Шаньдун Зяньжүгийн их сургуулийн профессор, 62 настай Дэн овогт удалгүй бичсэн зүйлээ устгасан боловч зураг хэлбэрээр хадгалсан дүрс нь онлайнаар түгж, олон хүнд хүрчээ.
Мао Зэдуны үзэл баримтлал, үйл хэргийг шүүмжлэн буруутгасан өнгө аястай ил тод шүүмжлэл Хятадад тэр бүр гараад байдаггүй. Дэн профессорын бичсэн шүүмжлэлийн дараа Маог дэмжигчид гудамжинд Дэнгийн эсрэг жагсаал зохион байгуулсан байна. Зарим нь “Мао Зэдуныг эсэргүүцсэн хэн боловч ард түмний дайсан мөн” гэсэн уриа, лоозон барьсан байжээ.
Дэн овогтыг өнгөрсөн Пүрэв гаригт /2017.01.05/ мужийн захиргааны зөвлөхийн ажлаас чөлөөлсөн тухай “Global Times” сонин өчигдөр /2017.01.09/ мэдээлсэн байна. Ажлаас халсан үндэслэлийн талаар харин дурдсангүй. Мөн түүний ажиллаж байсан их сургуулийн удирдлага “Дэн Сьяочао дахин тус сургуулийн оюутнуудад хичээл заахгүй, мөн сургуулийн кэмпэд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг түүнд хориглосон” тухай мэдэгджээ.
1976 онд 83 насандаа таалал төгссөн Мао Зэдуныг Хятадын эрх баригч Коммунист намаас орчин цагийн Хятад улсыг үүсгэн байгуулагч хэмээн албан ёсоор хүндэтгэн залсан. Тус улсын бүхий л мөнгөн дэвсгэрт дээр түүний зургийг хэвлэсэн байдаг.
С.ЦЭЛМЭГ