Дулааны станц, уурхайнуудын өр авлага харьцангуй буурлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Дулааны станц, уурхайнуудын өр авлага харьцангуй буурлаа

Түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайванаас тодрууллаа.

-Танай салбарын өвлийн бэлтгэл ямархуу байдалтай байгаа вэ?

-Өмнөх жилүүдийг бодоход манай салбарын өвлийн бэлтгэл графикт хугацаандаа явж байна. Одоогийн байдлаар ямар нэг хүндрэлтэй асуудал алга. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас хөрөнгө санхүү зэрэг шийдвэрлэх асуудлуудаар арга хэмжээ авсан. Түлш, эрчим хүчний үнэ тарифыг тодорхой хэмжээгээр нэмсэн. Ингэснээр их засвар, техник тоног төхөөрөмжийн тал дээр энэ жилийн хувьд хөрөнгийн эх үүсвэр боломжтой байна. Шарын гол, Адуунчулуун зэрэг орон нутгийн зарим жижиг, дунд чадлын уурхайнууд дээр дулааны станц хоорондын өр авлагын асуудал бий. Наймдугаар сард шийдэгдэх байх. Дулааны станц, уурхайнуудын өр авлага харьцангуй буурсан.

Нүүрс тээвэрлэлтийн үнийг нэмж байгаа учраас эрчим хүчний үнэ тарифт 40 хувийн нөлөөлөл байгаа. Эрчим хүчний үйлдвэрүүдэд УИХ-ын тогтоолоор тодорхой хэмжээний татаас олгож байгаа. Эрчим хүчний салбарт их засвар 40 хувьтай байна. Шугам, сүлжээний хувьд 30 орчим хувьтай. Уурхайнууд 45 орчим хувьтай байна.

Монгол Улсын хувьд хамгийн их хүндрэлтэй байгаа гурван объект бол Ховд, Увсын дулааны станц, Шарын голын дулааны станц байна. Шарын голд цаашид хүндрэл гарахгүй байх. Ховд, Увсад хоёрдогч эх үүсвэр гаргахаар энэ жил ажлаа эхэлж байна. Цаашдаа аймгуудыг төвлөрсөн дулаан хангамжид шилжүүлнэ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж