“Бүгд утааны эсрэг санаа тавьбал бид үр дүнд хүрнэ”

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

“Бүгд утааны эсрэг санаа тавьбал бид үр дүнд хүрнэ”

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Засгийн газрын сайд, нийслэлийн удирдлагууд,  зарим хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтарч өчигдөр /2017.01.10/  өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ хурлаар агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан билээ. Тус зөвлөмжид агаар ус хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах асуудлыг тусгасан байна. Тухайлбал, төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр болжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн зааж өгөх зэрэг асуудлыг тусгасан юм.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсантай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2016.01.11/ “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг гамшиг, аюул гэхгүй юм бол өөр юуг аюул гэх юм бэ. Утааны эсрэг төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа нийцүүлэх хэрэгтэй. Утааны үеийнхэн гэдэг бүхэл бүтэн үе Монгол Улсад бий болж байна. Улаанбаатарт ирж байгаа хүмүүс аятайхан амьдрах гэж зорьж ирдэг. Түүнээс эрүүл мэндээрээ хохирч үлдэх гэж ирээгүй. Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Улаанбаатар хот аюултай хот боллоо гэж сануулж хэлж байсан. Утааны асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахын тулд маш удаан хугацаа зарцууллаа. УИХ, Засгийн газрыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2010 онд гаргасан. 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зөвхөн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулж байсан. Утааны асуудал үргэлж миний зүрхэнд байсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Хууль, зөвлөмж гаргаж байгаа нь хийхийн эхлэл. Та бүхэн 2-3 сарын дараа утаанаас өөр асуудалд анхаарлаа хандуулж мэдэх юм. Хэрэв тэгвэл энэ асуудал унана шүү. Ер нь утаа гэдэг бол иргэн бүрийн хүний хариуцлагатай холбоотой. Тиймээс гэр хорооллын иргэдэд сайн чанартай нүүрс түлэх боломжийг олгоно. Энэ асуудлыг Засгийн газар боловсруулаад удахгүй УИХ руу оруулна. Засгийн газар УИХ-аар батлуулах гэж байгаа ажилд хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үз. Хариуцлагын заалтаа тусгаж өгвөл ахиц гарах юм байна гэж итгэнэ. Нөгөө алдартай Хариуцлагын тухай хуулиа УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Дахиад л хуулийн төслөө шахна даа. Монголын гамшиг бол хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадаагүйгээс эхэлнэ. Зөвхөн утаа биш. Тэгээд гишүүд нь нэгдсэн чуулган дээр ярихдаа хариуцлага алга байна гэдэг. Хариуцлага байхгүй юм бол Хариуцлагын тухай хуулиа баталчих. Гайхах хэрэг байхгүй. Дээр нь гэр хорооллын түлж байгаа нүүрснээс хэд дахин хямд, илчлэг сайтай, утаа ялгаруулах хэмжээ бага нүүрс түлэх боломжоор хангана” гэлээ.

Мөн түүнчлэн “Агаар цэвэршүүлэхийн тулд улсын төсвөөр явна гэдэг бол хэцүү. Тиймээс Улаанбаатарлуу орж ирдэг түүхий нүүрснээс татвар авдаг болох, хязгаарлалтын бүсэд утаа гаргаж байвал торгох, дээр нь иргэд өөрсдөө утааны эсрэг хандив татвар өргөдөг болох гэх мэт асар олон санаа яригдаж байгаа. Энэ дансаа шилэн болгочих хэрэгтэй” гэв.      

Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаараа тайлбарлалаа.  

Нэгдүгээрт, Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ингээд хязгаарлалтын бүс тогтоож, шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохыг дэмжсэн. Мөн яндан нэмэхгүй, хог хаягдал шатаахгүй. Гамшгийн бүсэд гамшиг нэмэх хүндрүүлэх үйл ажиллагаа явуулбал хариуцлага тооцдог болно. Ийм үндэс бүрдсэн.   

Хоёрдугаарт, Аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллага, иргэд бүгд онцгой горимоор ажиллана.  Нэгэнт онцгой горимоор ажиллах болсон учраас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилнө. Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо гэж өөрчлөөд Ерөнхий сайд ахална. Нийслэлд амьдрач байгаа иргэдийн тодорхой эрх хязгаарлагдана. Үндэсний хорооны шийдвэрийг биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэнэ. Хууль, шүүхийн байгууллага хариуцлагын тал дээр анхаарна. 

Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин руу нүүх боломж бололцоогоор хангана. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа баялаг. Үүнийгээ ашигла. Нийт аймаг, сум нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд анхаарч “манай нутагт ирээд эмнэлэг, барилга байгууламжаа бариарай” гэж уриалах хэрэгтэй.

Эцэст нь тэрбээр нийслэлийг ногоон бүс болгох саналтай байгаагаа дуулгалаа. Баянхошуу, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийг эко бүс болгох. Тэнд суларч байгаа газруудыг ногоон бүс болгож ажиллах тал дээр байгаль орчны чиглэлээр ажилладаг бүх байгууллага манлайлал гаргаж ажиллаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатарын тэлэлтийг Төв, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай гэх мэт аймгийн хэмжээнд шийдмээр байна. Утааны эсрэг бүгд төлөвлөгөө гаргаж, оролцвол болно. Санаанаас санаа төрдөг. Хүмүүс ажил хиймээр байна. Мөнгө алга гэж ярьдаг. Нөгөө талаараа санаа байвал мөнгө олдоно. Энэ хамтын ажиллагааг би хүсэж байна.


Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлээд, уулзалтад ирсэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өнөөдөр нийслэл хотод үүсээд байгаа нөхцөл байдал бол улсын хэмжээнд стратегийн бодлого байгаагүйн илрэл байх. Яагаад 21 аймагт бүсчилсэн хөгжил бий болгоогүй юм бэ?

-Монгол өөрөө нээлттэй нийгэм. Энэ улс орныг Ерөнхийлөгч юм уу нэг гэр бүл удирддаггүй. Монголчууд өөрсдийнхөө сонгож авсан замыг ойлгох хэрэгтэй. Иргэн бүх эрхтэй, санаачлагатай, оролцоотой явж байж явдаг улс. Тэгэхээр бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Утааг багасгахад гарсан санаачлага бүрийг дэмжиж ажиллах хэрэгтэй. 2005 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-д оруулсан боловч шийдэгдээгүй.

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Бээжин, Тианжин зэрэг мужууд Азийн хөгжлийн банкнаас 458 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авсан. Энэ мөнгөө агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулна. Тэгэхээр ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд доннар орнуудын тусламж авах асуудлыг та юу гэж харж байна вэ?

-Өчигдөр хамгийн түрүүнд “Синхуа” агентлаг Улаанбаатар хот агаарын бохирдлоос болоод шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байна гэж мэдээллэсэн. Лондон хотод байдаг “Цэвэр агаар” олон улсын төвөөс хамтарч ажиллах санал тавьж ярьсан. Бид бие биенээ хурцалж урагш түлхдэг ажлаа мартаж болохгүй. Зээл, тусламж мөнгө төгрөг гэдэг сэтгэхүйгээр ажиллах юм бол утааны асуудал уначих гээд байна.

-Хотын татвартай болох санал гарч байна. Үүнийг дэмжээд явах боломж байна уу?

-ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаад, энэ зөвлөмжийн дагуу хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Нийслэлийн удирдлагууд оруулж ирэх байх. Гэхдээ иргэдийн амьдрах, нүүх, орон сууцанд орох гэх мэт асуудлыг тусгасан сонголтой хэлбэрээр оруулж ирэх байх. Агаарын бохирдол бүх сайд нарын анхаарлын төвд орох хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чинь нээлттэй миний ард түмэн. Өөр хот өөр суманд амьдрах эрх нээлттэй.

-Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв энэ жил багассан байна лээ. Төсөв мөнгө нь багасаад байхад иргэд очих сонирхол төрөх үү?

-Захиргааны арга хэмжээ, үйл ажиллагаа сонголттой байна. Утааны асуудлыг тоотой хэдэн арга хэмжээгээр шийдэхгүй. Монголын хэмжээнд бүх арга хэмжээг агуулга руугаа оруулж шийднэ.

-Та 2009 онд Ерөнхийлөгч болсон. Гэтэл одоо л утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэнийг хүлээн зөвшөөрч ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж байна. Өмнө нь шийдээд явах боломж байгаагүй юм уу?

-Нэг шийдэл гаргаад шийдчихдэг бол утааны асуудал тулгарахгүй байсан. Хүндрэл гэдэг бол ийм л байдаг юм. Бид утаагаа шийдсэний дараа дахиад л нэг хэцүү асуудал гарч ирнэ. Эхлээд өөрийгөө магтсан гэж үзэж байгаа бол би уучлал гуйж байна. Утааны эсрэг үндэсний зорилт бий болгоод ажилламаар байна. 2010 оноос хойш ҮАБЗ агаарын бохирдлоор таван удаа хуралдсан. 13 удаа зөвлөмж, шийдвэр, тэмдэглэл гаргасан. Тэгээд тэр хэрэгжилт нь хаана байна болохгүй байна гэж хэлж магадгүй. Гэхдээ ҮАБЗ ажиллаж байгаа шиг бүх байгууллага тодорхой ажил хийгээд шийдвэр гаргаад санаа тавиад байх юм бол бид үр дүнд хүрнэ.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж