ЦАНА: “Чингис хааны цом”-ын АШТ болов

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

ЦАНА: “Чингис хааны цом”-ын АШТ болов

Хэнтий аймгийн Биндэр суманд нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд өвлийн спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа. Тус суманд жил бүр уламжлал болгон болдог энэхүү наадмаар анх удаа гүйлтийн цанын “Чингис хаан цом”-ын нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан юм.  

Зүүн бүсэд цанын спортыг хөгжүүлэх, цанын спортын нэрэмжит “Чингис хаан цом”-ыг цаашид уламжлан болгон зохион байгуулахаар Биндэр сумын Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийлээ. Тус тэмцээнийг Биндэр сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн 0287 дугаар анги, “Өвлийн спортын хязгааргүй” клуб болон Монголын цанын холбоо хамтран ажиллаж, өвлийн спортын наадмыг өргөн цар хүрээтэй зохион байгуулсан юм. Нээлттэй явагдсан тус тэмцээнд Хэнтий аймгийн сумдаас гадна Төв, Дорнод, Булган, Орхон, Сүхбаатар аймгаас тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд өрсөлдсөн. Тэмцээнд нийт 80 гаруй тамирчид оролцсоны дунд цанын Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид байсан юм.

Туршилтын журмаар явагдсан анхдугаар тэмцээнд Монголын цанын холбооноос олон улсын түвшинд хүрсэн электрон цагийг ашиглажээ.

Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байгааг зохион байгуулагчид хэллээ. Цагаан нуурын мандал дээр болсон өвлийн спортын наадмыг олон байгууллага дэмжин ажилласаны дунд "Хангай" ХХК гурав, "Сайн залуус" ХХК хоёр, "Хязгааргүй" өвлийн спортын клубын тэргүүн С.Батсайхан нэг сая төгрөгийн хандив өгснөөс гадна ААН байгууллагуудаас 10-аад сая төгрөгний хандив цугларсныг Биндэр сумын Засаг даргын хамт олон хэлж байв.

Энэхүү тэмцээнийг Хилийн 0287 дугаар анги анх санаачилсан бөгөөд цаашид олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тэмцээний үеийн фото агшнаас хүргэж байна.  

 


Гүйлтийн цанын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж