Сонгуулийг автоматжуулах орчин үеийн технологийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийг автоматжуулах орчин үеийн технологийг танилцууллаа

Засгийн газрын XI байрны хурлын дугуй танхимд өнөөдөр “Сонгуулийг автоматжуулах систем”-ийг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан Сонгуулийг автоматжуулах системийн тендерт оролцож буй Өмнөд Солонгосын “LS&Cabel” групп, “Miru Data” компани, Монголын “Идэр жонон элемент” компани өнөөдөр туршилтын сонгууль явуулж, системээ танилцуулсан юм.
Одоогийн хэрэглэж байгаа санал хураалтын системийн санал тоолох арга нь санал хураалтын цаас хэвлэх, хянаж шалгах, санал хураалтын хэсгийг нүүлгэх, санал хураалтын үр дүнг тоолох хэсэг рүү явуулах, гараар тоолох, тоолох явцад  хүчинтэй, хүчингүй сонгуулийн хуудастай холбоотой олон хүндрэл маргаан гардаг зэрэг ажиллагаа ихтэй, олон хүн зэрэг ажилладаг сул талтай юм. Харин энэхүү танилцуулсан хамгийн сүүлийн үеийн техник, технологи нь цаг хугацаа, эдийн засгийн асар их хэмнэлттэйн дээр сонгуулийг маргаан, будлиангүй явуулах нөхцөлийг хангана хэмээн холбогдох хүмүүс нь хэлж байна.

Тус үйл ажиллагааны үеэр “Сонгуулийн техник технологийг автоматжуулах” төслийн менежер Д.Соёлмаатай уулзлаа.


-Өнөөдрийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Бидний зүгээс сонгуулийг будлиангүй, хурдан шуурхай явуулах боломжтой төхөөрөмжийг нийтэд танилцуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг монголчууддаа зориулан нээлттэй хийж байна. Сонирхсон хүмүүс хүрэлцэн ирж, төхөөрөмжтэй танилцан, үр дүнг нь харж,  мэдээлэл авах боломжтой. Энэхүү төхөөрөмжийг иргэдээс гадна давхар Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд нийт 80-аад хүнд туршилтын сонголт явуулахаар бэлтгэсэн. Үүнд, нийгмийн бүх төвшний иргэдийг байлгахыг зорьсон. Оюутан, албан хаагч, хөдөө орон нутгийн төлөөлөл болж, зургаан хүн ирсэн байгаа.
-Төхөөрөмжийн гол давуу тал нь юу вэ?
-Бид XXI амьдарч байгаа иргэд. Техник технологийн давуу талтай эдгээр төхөөрөмжийг ашигласнаараа будлиантай сонгууль, санал давхардах, үр дүн, зардал хэмнэх гээд олон давуу талтай. Өнөөдөр танилцуулж байгаа машин маань 2011 оны шинэ загварууд. БНСУ-д 2005 оноос хойш энэхүү төхөөрөмжийг ашиглаж ирсэн. Хэрэглэхэд маш хялбар. Банкны АТМ л гэсэн үг. Бүгд монгол хэл дээр заавартай. Түүнчлэн иргэн хүн хурууны хээ болон электрон гарын үсэг, иргэний үнэмлэхээ таниулаад саналаа өгөхөд тухайн мэдээлэл шууд төв серверт очно. Тэгэхээр, өглөө нь Улаанбаатар хотод саналаа өгчихөөд, орой нь Дархан-Уул аймагт очоод санал өгөх ямар ч боломжгүй. Төв серверт бүх мэдээллүүд төвлөрөх учир нэг хүн давхар санал өгөх боломж байхгүй.  
-Сонгуулийн санал өгөх үйл явц хэрхэн явагдах вэ?
-Сонгуулийн байранд орж ирсэн иргэн хурууны хээгээ таниулна. Шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан хурууны хээг таниулна гэсэн үг шүү дээ. Хэрвээ хурууны хээ танихгүй бол иргэний үнэмлэхээ уншуулан гарын үсгээр баталгаажуулна. Хэрвээ тухай хүн сонгууль өгөх эрхтэй гэдэг нь мэдэгдэх юм бол сонгуулийн үнэмлэх нь гарч ирнэ. Сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх нэр дэвшигчийн нэрс бүхий автомат машинд очно. Энэ машин мэдрэгчтэй дэлгэцтэй /touch screen/, гэхдээ уламжлалт аргатай адилхан улаанаар дугуйлж зурдаг. Дараа нь сонгогчийн үнэмлэхээ хураалгаад гарах гэсэн ердөө гурван алхмаар саналаа өгнө.  Нэг хүн саналаа өгөөд гарахад ердөө 30 секунд хангалттай. Төхөөрөмжийн бүх зүйл монгол хэл дээр байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч хялбар, хэн нэгнээр туслуулах, заалгах ямар ч шаардлагагүй.
-Санал тоолох процесс цаг хугацаа их шаарддаг. Тэгвэл энэ төхөөрөмжийг ашигласнаар иргэдийн саналыг хэдий хугацаанд бүрэн тоолж дуусгах боломжтой вэ?
-Монгол Улсын хэмжээнд нэг сая 700 мянган иргэн сонгууль өгөх эрхтэй. Тэгвэл эдгээр иргэдийн саналыг тоолоход 10-30 минут л хангалттай. Хэрвээ нэр дэвшигч санал хураалтын үр дүнд сэтгэл хангалуун бус байвал бид давхар тоологч машиныг ашиглана. Иргэдийн өгсөн саналын үр дүн тухайн машиндаа хуримтлагдаж байна. Түүнийг мэргэжлийн тусгай үнэмлэхтэй хүн тоологч машинд хийж, үр дүнг нь гаргаад ирнэ. Тухайн нэр дэвшигч будлиан, маргаан гарсан гэж үзвэл уг машин нь давхар уншуулах гэсэн давуу талтай.
-Нэг сонгуулийн байранд хэчнээн машин суурилуулах вэ?
-Нэг бүртгэх машин, тухайн хэсгийн иргэдийн тооноос шалтгаалан хоёроос гурван санал өгөх автомат машиныг суурилуулна.
-Төхөөрөмж бүрийн үнэ өртгийн тухайд?
-Одоогоор бид танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хэрвээ Сонгуулийн ерөнхий хороо манай төхөөрөмжийг нийлүүлэхээр сонговол тоо ширхэг, үнийн талаар ярих болов уу. Үнийн хувьд бусад орнуудтай харьцуулахад харьцангүй хямд байгаа. Учир нь БНСУ болон Монгол Улсын хооронд 2011 оны гуравдугаар сард хоёр улсын Сонгуулийн ерөнхий хороо хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Бие биенээ дэмжих хамтын ажиллагааны хүрээнд энэ асуудал яригдаж байгаа.
-Алслагдсан аймаг, сумдад төхөөрөмжийг хэрхэн хүргэх вэ. Тээвэрлэлттэй холбоотой ямар нэг хүндрэл гарахгүй юү?
-Эдгээр автомат машинууд бүгд доргилт, шороо тоосноос хамгаалсан хайрцаг, баглаа боодолтой байгаа. Нийслэлд болоод хөдөө орон нутагт, сонгуулийн бүхий л тойрогт байрлана гэсэн үг. Нийт 2000-аад хувийг нийлүүлэх болов уу гэж бодож байна.
-Санал хураалтын явц, сонгогчдын ирцийг хэрхэн гаргах вэ?
-Сонгогчдын ирцийг 10 минут тутамд автоматаар бүртгэнэ. Тэгэхээр 10 минут тутамд төв штаб руу ирц, явцын талаар мэдээлэл дамжуулах боломжтой.
-Сонгуулийн штабт маргаан гарвал хэрхэн шийдэх вэ?
-Ямар нэг байдлаар маргаан гарсан тохиолдолд бид давхар хуурцган дээр хурааж авч байгаа. Түүнийгээ уншуулах төхөөрөмж бас бий. Ерөнхийдөө хоёр удаа шалгах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж