Энэтхэгийн Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхийлөгч хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил, түүний нөхөр Девисингх Рамсингх Шекхават нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 16.30 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Тэдний онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өдөр 14.10 цагт газардах байсан ч цаг агаар муу байснаас шалтгаалан БНСУ-д хэсэг саатсан юм. Түүнийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Энхболд нар угтан авлаа.
Түүнийг маргааш өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар албан ёсоор Сүхбаатарын талбайд угтан авна.
Энэтхэгийн Ерөнхийлөгчийн төрийн айлчлал энэ сарын 27-ноос 30-ны хооронд үргэлжлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны гадаад айлчлалаа 2009 оны есдүгээр сарын 13-16-ны хооронд БНЭУ-ын Ерөнхийлөгч, хатагтай П.Д.Патилын урилгаар Энэтхэгт төрийн айлчлал хийснээр эхлүүлж байв.  Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Хатагтай  Пратиба Дэвинсингх Патилд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл тус тус бараалхана.
Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөх төлөвлөгөөтэй.
Хатагтай  Пратиба Дэвинсингх Патил 1934 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНЭУ-ын Махараштра мужийн Надгоан тосгоны Жалгоан дүүрэгт төрсөн.  Мумбай хотын Хуулийн Коллежийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч Моолжи Жетха Коллежид эдийн засаг болон улс төр судлалын  магистрын зэрэг хамгаалжээ. Жалгаон дүүргийн шүүхэд хуульчаар ажилласнаар ажил амьдралын гараа нь эхэлсэн байна.
Түүний улс төрийн үйл амьдрал 27 настайд нь Махараштра мужийн сонгуульд оролцсоноор эхэлж дөрвөн удаа мужийн ассемблейд сонгогдож улс төр, соёл, нийгмийн хүрээний олон ажлыг удирдан зохион байгуулж ирсжээ.
Тэрбээр 1967-1972 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн дэд сайд, 1972-1974 онд Махараштра мужийн сайд нарын танхимын гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд, 1975-1976 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Соёлын сайд, 1977-1978 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Боловсролын сайд, 1982-1985 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Хот байгуулалтын сайд, 1985-1990 онд парламентын дээд танхимын гишүүн, орлогч дарга, 1991 онд Сансадын доод танхим Лок Сабхад  гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хэмээн намтарт нь дурджээ. Түүний нөхрийг доктор Дэвисингх Рамсингх Шекхават гэдэг. Тэд Жёоти Ратхоре хэмээх охин, Ражендра Сингх гэдэг хүүтэй.
Хатагтай  Пратиба Дэвинсингх Патил 2007 оны долдугаар сарын 25-ны өдөр БНЭУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж