Такси зогсоогоод суухад тань ингэж асуувал бүү гайхаарай. Учир нь танд үйлчилж буй жолооч анх удаа “халтуур” хийж буй эсвэл хөдөөнөөс ирсэн байх магадлалтай. Улаанбаатар хотод такси үйлчилгээг албан ёсоор гүйцэтгэж буй байгууллага цөөн, байгаа хэд нь үүргээ сайн гүйцэтгэдэггүйгээс хувийн тэрэгтэй хэн ч такси үйлчилгээнд дур мэдэн оролцдог юм.
Нийслэлтэй хил залгаа Төв аймгийн сумдын иргэдийн амжиргааны гол эх үүсвэр нь нийслэлд таксигаар үйлчлэх. Тэд өглөө эртлэн хотод орж ирээд үдэш оройхон харьчихдаг учраас ажил тарах үеэр автобус бараадах нь хамгийн оновчтой шийдэл болдог. Агаарын температур гэнэт хүйтрэхтэй зэрэгцэн “халтуурчид” алга болдог нь хувийн унаатнууд хөдөө тийш явчихдагтай холбоотой байж ч мэднэ. Аз таарч унаанд суулаа гэхэд очих газраа зааж өгөх гэж багагүй цаг зарна. Сүхбаатарын талбайг мэдэхгүй гэх нь хаашаа юм. Ямартай ч яам тамгын газрыг албан нэршлээр нь танилцуулах огт шаардлагагүй. Саяхны нэгэн өдөр Байгаль орчны яам явахын тулд Татварын ерөнхий газар, Таван яам, Зоос гоёл, Хүнсний нэгдүгээр дэлгүүр, Мөрдөн байцаах газар гээд хавь орчны газруудыг дараалан нэрлээд ч нэмэр болсонгүй. Арга барагдаад Тэнгис рүү чиглээд явж байгаарай, би буух газраа хэлье гэх жишээтэй. Иймэрхүү маягаар төөрдөг байшин дотор хэдий болтол амьдрах вэ.
Халтуур хийж хотыг тойрогчид дунд аргаа олсон нь цөөнгүй. Тэд хотын түгжрээнээс зугтан захын дүүргүүдээр, таксигаар үйлчлүүлэх бэлтэй хүмүүст л үйлчилж амташсан байдаг гэнэ. Өдрийн орлого нь 40-60 мянган төгрөг гээд бодохоор чамлахааргүй бизнес байгаа биз дээ. Зарим хүмүүс хувийн машинтнуудтай гэрээ байгуулан хүүхдүүдээ хүргүүлдэг үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Сар, улирлаар хүргэлтийн үйлчилгээний гэрээ хийж ажиллах нь түгжрээнд шатахуун зарлагадахгүйн дээр хаана, хэн гар өргөх нь вэ гэж горьдлого царайлан хот тойрохгүй хамгийн оновчтой шийдэл байдгийг таксичин залуу өгүүлж байлаа. Сүүлийн үед эмэгтэйчүүд хувийн унаагаараа нийтэд үйлчлэх болсон. Гэвч эмэгтэйчүүдийн жолоодлогын ур чадвар үйлчлүүлэгчийн тэсвэр тэвчээрийн шалгуур болох нь бий.
Гэр хорооллынхны хувьд “Мянгын унаа” гэсэн тогтсон хэллэг хэдийнээ бий болсон. Нийтийн тээврийн хэрэгсэл үл хүрэх газарт хүргэж өгдөг үйлчилгээг ийн нэрлэдэг бөгөөд мянгын унааг хотын захын аль ч хорооллоос эрж хайхгүйгээр олох боломжтой. Автобусны эцсийн зогсоол бүрт хүрэх газраа чанга тод дуугар зарлан зогсох жолооч нар 4-5 хүн суулгаж аваад давхичихна. Км хүрэхгүй газарт 4000-5000 төгрөг авч буй ийм ашигтай үйлчилгээ байсаар байтал хотын төвийн түгжрээ рүү орох тэнэг хаанаас байх билээ.
Чухам тиймээс л Улаанбаатар хотынхон дүн өвлийн хүйтэнд явгарчихаад байгаа хэрэг. Нялх балчир хүүхдээ тэврээд явган гүйгээд хаа хүрэх билээ. Чухам тиймээс л нийслэлчүүд ам бүлийнхээ тоогоор машин худалдан авахад хүрч байна. Импортоор орж ирж буй автомашины үнэ өссөн ч эрэлт буурахгүй байгаагийн шалтгаан доголдож доройтсон такси үйлчилгээ юм биш үү. Залуу хосууд байр авах гэж хураасан мөнгөө машин болгоод уначихдагийн шалтгаан ч энэ. Хүний тоогоор шахам машин хөлхөөд байхаар зам түгжрэхгүй, агаар бохирдохгүй байх үндэс байна уу. Яг үнэндээ бол өвлийн улиралд мөнгөө бензинд зарах, таксинд өгөх хоёр бараг л ойролцоо тусна. Өглөө, оройд машин асаах, хүйтэн машинд чичирч суух, халтиргаатай замд мөргөлдөж шүргэлцэхээс халгах хүн цөөнгүй бий. Тохилог, дулаахан машинаар тухлан үйлчлүүлэхийг илүүд үзэх хүн захаас аван таарна. Гэвч улаанбаатарчуудад тийм эрх ямба эдлэх хувь дутуу. Хүссэн цагтаа, байгаа газраасаа такси дуудаад үйлчлүүлэх боломжгүй болохоор зээлээр ч бол машин унахаас аргагүй. Машинтай болсноор амжуулах ажил багагүй ч сар бүр төлөх зээлийн төлбөр дээр шатахууны зарлага, замын түгжрэл, агаарын бохирдол нэмэгдэнэ. Заримдаа энэ бүхэн “Бурханы цээрлэл” мэт санагдах нь бий.
Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй суурин иргэдээс гадна ямар ч бүртгэлгүй түр оршин суугч нөхцөлгүй олон бий. Гэр хорооллын нэг хашаанд багадаа 2-3 айл хаяа дэрлэн аж төрөх бөгөөд тэд хотод намаржиж, өвөлжөөд хаврын урь ормогц нутаг руугаа буцдаг ажээ. Өвөлжин нүүрс түлж хотынхныг утах гэж ирээгүй нь мэдээж. Олонх нь оюутан хүүхдээ даган ирээд хямдхан машин худалдаж аваад халтуур хийн өвлийг давдаг гэнэ. Нүүдлийн шувуу шиг тэдгээр иргэдийг цэгцлэхгүйгээр утаа униар, замын түгжрэл арилахгүй нь тодорхой. Хамгийн гол нь дэлхийн аль ч хотод байдаг такси үйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжинө гэж хүлээх хэрэггүй юм.
Д.ЦЭЭНЭ