Хүүхдийн ханиад гурав хоногтоо л хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2017.01.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ханиад гурав хоногтоо л хүндэрч байна

Өдрийн 11.25 минут… “Өглөөнөөс хойш ханиад хүрч халуурсан хүүхдийн дуудлага тасарсангүй. Сүүлийн үед өдөрт 100 гаруй хүн үзүүлэх болсон. Тэдний дийлэнх нь бага насны хүүхэд” хэмээн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмч ярилаа. Оны өмнөхтэй харьцуулахад өвчилж, өрхийн эмнэлэгт хандах хүний тоо бага зэрэг буурчээ. Учир нь, сургууль амарсантай холбоотой хэмээн тэрбээр тайлбарлалаа. Харин сургууль эхлэхээр эргээд нэмэгддэг хэмээн С.Дүгэрсүрэн сувилагч ярилаа. Гол нь энэ ханиад гурав хоногтоо л хүндэрч, эмнэлэгт хэвтэх хэмжээнд хүрэх аюултай байгаа аж. Тэрбээр “Халуурсан, ханиалгасан, бөөлжсөн гэх дуудлага ирж байна. Эцэг эхчүүд хүүхдээ гайгүй байна гээд явчихдаг. Гэтэл гурав хоногт л хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс аргагүй байдал үүсэх нь элбэг. Бид үдээс өмнө хүнээ үзээд үдээс хойш дуудлагуудаа хурааж байгаад гэрээр нь явдаг. Өдөрт гэрийн дуудлага 10 гаруй ирж байна. Нэлээн шуурхай явахыг хичээдэг ч дуудлагаас ирэхэд л дараагийнх нь овоорч байна” гэлээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны өрхийн эмнэлэг ч ханиад томууны дуудлагад дарагджээ. Нэг өдөрт л гэхэд 100 орчим үзлэг хийдэг бол түүний тал хувь нь бага насны хүүхдийн ханиад томууны өвчлөл байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.НинаH3N2 төрлийн ханиад томуу зонхилон тохиолдож байна. Гуурсан хоолойн бөглөрөл, хатгаа хавсарсан. Хоолой бачуурсан шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцас хунарыг тохируулж өмсгөхгүй, дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг тогтмол өгөх хэрэгтэй. Тэгэхгүй явсаар нэг өдөр ханиад нь хүндэрдэг. Эмч дээр ирээд яг одоо л хүүхдийнхээ ханиадыг эдгээмээр байна гээд байдаг. Гол нь өдөр тутамдаа шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, аарц, аньс, чацарганыг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.

Тус өрхийн эмнэлгийн эмч нар мөн л 13.00 цагаас хойш дуудлагын дагуу гэрээр очдог болжээ. Ингэхгүй бол ханиадтай хүүхдийг эмнэлэг дээр авчрахаас эхлээд өвчин нь улам даамжрах нь их болсон байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд ч хүүхдээ тэвэрсэн ээж нарын хөл ихтэй байна. Баянхошууны ид агаарын бохирдлын бүсэд байрладаг тул бяцхан хүүхдүүдэд жижигхэн амны хаалт зүүлгэжээ. Есдүгээр хороо нийтдээ 8700 хүн амтай. Харин өрхийн эмнэлэгт гурван эмч ажилладаг тул уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Өглөө өрхийн эмнэлэгтээ хүнээ үзэж, үдээс хойш айлуудаар үзлэг хийх, эмнэлэгт хэвтсэн хүүхдийн мэдээлэл авах зэргээр уртасгасан цагаар ажиллаж ээхлжээ. Нэг эмчид л гэхэд өдөрт гэрээр үзлэг хийх тав орчим дуудлага ногдож байна. Нэг өдөрт шинээр ханиад хүрсэн 10 орчим хүүхэд өрхийн эмнэлгийг зорьдог гэнэ. Үүний цаана ханиад давтан хүрсэн тэр хэмжээний хүүхэд ч ирж байгаа аж.

Өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдал нэг иймэрхүү. Ханиад томууны дэгдэлт намжих хүртэл өрхийн эмч нар гэрээр дуудлаганд явах шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргаад байгаа юм.

Хүүхдийн өвчлөл их байгаа энэ үед эцэг, эхчүүд ч хөнгөлөлттэй эмийн талаар эмч нараас асууж сурах болжээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас тав хүртэлх насны хүүхдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг гаргаад байна. Тухайлбал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгоно. Хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөгдөнө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.news.mn/r/321881 эндээс авна уу.

Дашрамд дуулгахад, ханиад томууны тархалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх магадлалтай хэмээн албаныхан үзжээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг амьсгалын замын цочмог халдварт өвчин эзэлсэн гэх тооцоог гаргажээ. Тиймээс одоогоор Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах болон олон нийтийн газруудын ажиллах цагийн хуваарийг богиносгох саналыг хотын дарга С.Батболдод хүргүүлээд байгаа юм. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж