Бяцхан жаал аав, ээжийнхээ гараас хөтлөн шатаар алхана…Харин эсрэг талд нь өвлийн хүйтэнд бяцхан хүү түлээ нүүрс зарж зогсоно. Хүний амьдралын хамгийн гэгээлэг нас бол хүүхэд нас. Гэвч өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хүүхдийн эрхийн асуудал хамгийн ихээр тулгамдсан хэвээр гэдгийг уг үзэсгэлэн сануулах шиг.
Үүнийг л гэрэл зургийн дуран авайд тусгахаар “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Тусгал” гэрэл зургийн клубтай хамтарсан “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнөөдөр /2017.01.11/ “Ub Art Gallery”-д үнэ төлбөргүй дэлгэсэн нь энэ.
“Зэрэгцээ ертөнц” хар өнгөөр…
Үзэсгэлэнгийн энэ хэсэгт дан хар зураг дэлгэжээ. Хүйтэн хонгилд гуйлга гуйн суух жаалууд…гэр хорооллын харанхуй гудамжаар алхах бяцхан охин, хогийн цэгт ажиллах хүүхдүүд, хотын захын гэр хорооллын зутруухан амьдрал. Гэртээ харах хүнгүй цоожлуулсан хүүгийн цонхны цаанаас хэнэггүйхэн инээмсэглэх зураг. Зарим нь бүр хоёр өөр гутал өмссөн харагдана. Энэ дүр зураг бидний дунд байсаар л…Бяцхан охин согтуу ээжийнхээ дэргэд даарчихсан зогсохыг харахад үнэхээр сэтгэл эмзэглэм. Мөн согтуу ааваасаа айх хүүхдийн тэр харц.
Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байх, жендерт суурилсан хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, сэтгэл санааны дараимт гэх мэт 10 гаруй хэлбэрээр зөрчигдөж байгааг үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Тэр дундаа БНХАУ-ын Эрээн хотод л гэхэд 14,15 настай 250-300 охид биеэ үнэлж байна. Энэ тоо Хятадын баяр ёслолын үеэр 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг талаар “Лантуун дохио” төрийн байгууллагын судалгаанд дурджээ.
“Зэрэгцээ ертөнц”-ийн гэгээлэг өнгө…
Энэ хэсэгт хүүхдийн баяр хөөр, инээдийг өгүүлэх аж. Хүүхдийн гэнэн томоогүй харц, хөдөлгөөн бүр нь хайр хүргэм. Хүүхэд ээж, аавтайгаа, гэртээ, сургуульдаа сурч, аюулгүй орчинд амьдрах нь хамгийн чухал. Өвлийн өвгөнөөс бэлэг авсан жаалын инээмсэглэл, ээжтэйгээ ус зөөж буй тусч хүү, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээд сайхан бүхийг өгүүлнэ.
Ийнхүү хүүхдийн амьдралын эсрэг тэсрэг өнгийг “Зэрэгцээ ертөнц”-өөр өгүүлэх үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд “Олон нийтэд түгээхийг хатуу хориглоно” гэсэн тусгай тэмдэглээтэй зургуудыг дэлгэсэн байв. Харин уг үзэсгэлэнг эцэг, эхчүүд, эрх мэдэлтэн албан тушаалтнууд, гээд томчууд бодит үнэн нөхцөл байдлыг нүдээрээ нэг үзэхийг урьж байна.
“Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэнгээр дамжуулан “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас санаачилсан “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зүүн салааны гуравдугаар хорооны уулзвар газарт хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байгаа аж.
А.СҮРЭН