Арабт дайн дуусах нь ээ, тийш явж хөрөнгө босгоё, Ерөнхий сайдаа

Хуучирсан мэдээ: 2017.01.11-нд нийтлэгдсэн

Арабт дайн дуусах нь ээ, тийш явж хөрөнгө босгоё, Ерөнхий сайдаа

Суусан цэцнээс  явсан тэнэг дээр...монгол ардын зүйн цэцэн үгс

Тун саяхан интернетээр Сири улсад дайн дуусах шатандаа орж сэргээн босголтын ажил эхлэхээр төлөвлөж буй сайн мэдээ гарлаа. Ойрхи дорнодод  дайн дуусах шинжиндээ орж байх шиг байна. Тэнд бүтээн байгуулалт  гарцаагүй эхэлнэ. Хамгийн түрүүнд хүмүүст орох орон, ажлын байр, идэх хоол, өмсөх хувцас, сургууль, эмнэлэг хэрэгтэй. Хэдийгээр Сирийн дайнд хамаг зүйлс нь  эвдэрч сүйрсэн ч гэлээ дэд бүтцийн суурь байгаа. Харин дайнд бүрэн сүйдсэн орон байр барилгуудыг цэвэрлэх, боломжтойг сэргээх, дэд бүтцийг дахин тордох, дахин төлөвлөх, шинээр барих асуудлууд шил даран босч ирж байгаа даа. Сири бол 18,5 сая хүн амтай дэлхийн газрын тосны томоохон нийлүүлэгч, нефть-химийн, хийн хоолой, хөнгөн аж үйлдвэр, хүнс, эмийн, химийн бүтээгдэхүүн, бордоо, цахилгаан техникийн зарим салбарын үйлдвэрлэл хөгжсөн, төлбөрийн чадвартай улс бөгөөд дайнаас дайжин бараг 4 сая шахам иргэн дүрвэсэн гэсэн мэдээ байдаг.

Сирийн мэдээллийн САНА агентлагийн мэдээлснээс үзэхэд зөвхөн энэ улсад тавьсан  олон улсын хориг арга хэмжээнээс гэхэд 4 миллиард ам долларын алдагдалд орж, дайн хөлд чирэгдсэн  ард иргэд нь хэрэглээний газ, өдөр тутмын хүнс хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрч олон хот суурингууд, сургууль эмнэлэг сүйдэн, үйлдвэр заводууд ажиллахаа больж ажилгүйдэл, ядуурал, өвчлөл өсч байна.

Дайнд ядарсан арабын энэ  ард түмнийг  одоо эдийн засгаа сэргээх  хүнд шалгуур хүлээж байгаа.  Дайн тулаан бүхний эцэст үүсдэг нийтлэг дүр төрхийн дагуу ихэнх боловсролтой  иргэд, хөдөлмөрийн насны эрчүүдээ хядсан, шархдуулан  хөдөлмөрийн чадваргүй болгосон, дүрвүүлсэн, эх эцэггүй өнчин хүүхдүүд, хөгшчүүд, гэр оронгүй,  өрх толгойлсон эмэгтэйчүүд голлосон, энэ оронд дулаан гэр орон, өмсөх хувцас, идэх хоол, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, ажлын байр нэн хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Байгаль цаг уурын нөхцлийн хувьд  Сири  хуурай, гандуу, басхүү хүйтэрчдэг, ус ховор, газар нутгийн 30 орчим хувьд нь л хөдөө аж ахуй хөгжүүлэх боломжтой  гэгддэг улс. Олон жилийн турш арабын ертөнцөөс оростой сайн харилцаатай явж дунд сургуульд үздэг нэг голлох гадаад хэл нь орос хэл болсон, одоо дайнд ялахад нь ОХУ том тусалсан тул бүүр их нөлөөтэй болох нь дамжиггүй. Тиймээс Сирийн бүтээн босголтод оросууд идэвхтэй оролцож таарна.

Монгол улсад сүүлийн 20 гаруй жил гайгүй хөгжсөн салбаруудын нэг бол барилгын салбар билээ. Тэр дундаа иргэний барилга байгууламж буюу орон сууц барих талаараа монголын хувийн хэвшил нилээд чадавхтай болсон. Дэд бүтцийг бий болгох талаар ч бас туршлагатай болоод байгаа. Мөн монголын банк, санхүүгийн салбар маань  барилгын салбарт  ипотекийн зээлийн асуудлийн талаар нилээд туршлагатай болсон. Дотоодын худалдан авах чадвар муудсанаас болоод Монголын барилгын компаниуд одоо барьсан барилгаа зарж чадахгүй байна.  

Хэдийгээр манай төр  гаднаас хүүтэй мөнгө зээлж ирээдүй хойчоо өрөнд оруулаад байгаа ч жирийн иргэд гадаад оронд ажил хийн баялаг бүтээж чаддаг билээ. Гадаадын олон оронд монголчууд амьдрахын эрхээр боолын хөдөлмөр эрхлэн гэр орондоо мөнгө явуулж түүгээр нь ард үлдсэн хэд нь амь залгуулж байгаа эмгэнэлтэй байдал бий хэдий ч хэрэв хэдэн сайхан барилгын компани байгуулан арабт очиж барилга барьвал дориун мөнгө босгох боломж одоо бүрдээд байна. Эцэг өвгөдийн сэлэм эргүүлж явсан газар одоо сэтгэлийн дэм, итгэл өвөрлөн, монгол хоол, ноолуур, ноосон хувцасаа ганзгалан очиж монгол гэрээ  барьж суугаад Сиричүүдийг орчин үеийн ухаалаг хоттой, байртай, хоолтой, сургуультай эмнэлэгтэй болгоод өгье л дөө. Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай их л ярьсансан. Одоо л тэр хэдэн дипломатуудын, улс төрчдийн шидийг үзье ээ.  Төрөөс зохицуулалт хийгээд дэмжээд өгвөл манай барилгачид очоод дор нь хэдэн сайхан хороолол барьчихаж дөнгөнө өө. Мэдээж бусад улсууд зөндөө л зүйлийг тэнд хийх биз. Ажилгүй сиричүүдыг барилга дээр ажиллуулан  ажлын байр бий болгон ипотекийн зээлээр орон сууцжуулж, байр хүлээж суугаа нэгэнд нь монгол гэрээ зараад, түрээслүүлээд, бэлэглээд, дулаан сайхан ноос ноолууран хувцсаараа ханган, орон гэрийг нь хивсжүүлэн, хооллоод өгөхөд хэн ч гэсэн баярлах биз ээ. Эцэг өвгөдийн минь талаар таагүй ханддаг хандлага нь өөрчлөгдөх биз ээ.Цаг цагаараа байдаггүй дээ. Харин арабын ёс заншил, соёлыг хүндлэн харьцах талаар барилгачдадаа заагад өгчих нь гэмгүй.

Өмнөд Солонгосчууд японы дарлал, дэлхийн 2 дугаар дайн, солонгосын хойгын дайнаас эвдэрч сүйдсэн аж ахуйгаа сэргээх мөнгөгүй  хэцүү байсан ч гаднаас зээлсэн мөнгөөрөө  Вьетнамын дайн, араб-израйлын дайнаас үүссэн сэргээн босголтын ажлыг хийж  анхны капиталаа босгосон түүхтэй. БНСУ-ын гадаа хэлний сургалтын бодлогыг судалж байхад сүүлийн 8 жил буюу 2008 оноос хойш ерөнхий боловсролын сургууль ,их дээд, мэргэжлийн  сургуульд араб хэл судлах оуютны тоо эрс өссөн үзүүлэлттэй байгаа нь  Ливи, Ирак, Сирийн  дайны дараа бүтээн байгуулалт зайлшгүй хэрэгтэй болно гэж үзэн одооноос бэлтгэлээ хангаж буйн шинж бизээ.

Манай улс араб хүүхдүүдийг ЮНЕСКО болон бусад олон улс, хандивлагчдын мөнгөөр монголдоо  сургаж болох бөгөөд  судас бариад онош хэлдэг гайхамшигт  монгол эмчээ, ард түмнээ бүтэн бичиг үсэгтэн болгосон багшаа алдаршуулах сайхан боломж бүрдсэн юм биш үү. Ирээдүйд монголд аялах жуулчдаа бэлдэе, дэлхийд ноос ноолуураа гайхуулья, гадаадад тодрох хэдэн сайхан компанитай болбол яасан юм бэ Ерөнхий сайд аа.

Санал дэвшүүлэгч Ц.Мөнхжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж