Стив Жобс хар цамц, цэнхэр жийнсэн өмдтэй гарч ирэн хүмүүс алганд багтах гайхамшгийг танилцуулсан тэр өдрөөс хойш 10 жил өнгөрч, iPhone 10 нас хүрлээ.
Стив Жобс мэдрэгчтэй дэлгэц бүхий iPod, шинэ үеийн гар утас мөн интернэт харилцаа холбооны төхөөрөмж танилцуулна хэмээн дөрвөн удаа давтаж хэлсний дараа л үзэгчид энэ бүгдийг багтаасан нэг төхөөрөмж гэдгийг нь ойлгож байсан гэдэг.
Анхны iPhone 499-599 ам.долларын үнэтэй зөвхөн AT&T үүрэн холбооны оператороос худалдан авах боломжтой байсан аж. Тухайн үед iPhone гэх энэхүү домог болсон нэрийг Cisco компани эзэмшиж байсан ба танилцуулгын дараа Apple-ыг шүүхэд дуудаж байжээ. Харин тэд шүүхийн танхимд маргалдалгүй гар утсыг худалдаанд гарахаас өмнө амжилттайгаар тохиролцож чадсан байна.
Apple компани iPhone гар утсаа гаргаснаас хойш тэрбум гаруй ширхгийг борлуулаад байгаа аж.
Т.МӨНХ