Туркийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ингэснээр ерөнхийлөгчийн засаглалд шилжих үйл явц дахин нэг алхмаар урагшиллаа гэж болно.
Туркийн ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган болон түүнийг хүрээлэгчид өнгөрснөөс сургамж авч, засгийн газрын хэврэг бүтэц, хагарлаас хамгаалахын тулд ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эсэргүүцэгчдийн зүгээс засаглалын шинэ хэлбэрт шилжсэнээр авторитар дэглэмийг бий болгоно гэж шүүмжлэлтэй хандаж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентийн анхан шатны санал хураалтаар 338 хүний дэмжлэг авчээ. Ингэснээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болж байна. Санал асуулгыг ирэх хавар зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Туркийн Үндэсний ассамблей 550 хүний суудалтай бөгөөд хуулийн төслийг дэмжин батлахад 330 санал шаардлагатай байсан юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Туркийн ерөнхийлөгч Эрдоганы гарт хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрч, тэр засгийн газрын сайд нарыг томилох, огцруулах, эрх баригч намыг тэргүүлэх эрхтэй болохоос гадна 2029 он хүртэл Туркийн төрийн эрхийг барих боломжийг бүрдүүлэх ажээ.
С.ЦЭЛМЭГ