Монголд хүүхэд ямар орчинд, хэрхэн өсч торниж буйг харуулах “Зэргэлдээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн маргааш /2017.01.11/ нээлтээ хийнэ. Гэгээн, цагаахнаар инээж, амьдралын муу муухайг туулах байтугай харах ч ёсгүй үрс зэргэлдээх гэгээн, бараан гэх ертөнцөд хэрхэн хуваагдаж амьдарч буйг гэрэл зургийн хальснаа “Тусгал” клубын зурагчид буулгажээ. Зурагчид өөрсдийн бүтээлээрээ хүн бүрт, таны бидний ирээдүй болсон хүүхдүүд хэрхэн амьдарч буйг харуулж, мэдрүүлэх юм байна. Монгол Улсыг монгол гэр гэж авч үзвэл нэг гэрт, нэг тоонон доор зэрэгцээ амьдардаг хүүхдүүд таны хажууханд хүчирхийлэлд өртөж, идэх хоолгүй, дулаацах галгүй, зарим нь амьдрах гэргүй байгааг мэдэх үү? Мэдэхгүй, төсөөлөхгүй байгаа бол “Зэргэлдээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнг зорьж, хүүхдийн бодит нийгэмтэй нүүр тулаарай.
Үзэсгэлэнд хүүхдүүдийн хөдөлмөр эрхэлж буй, хүчирхийлэлд өртсөн, амь зогоохын тулд хог ухаж, гуйлга гуйн зогсох дүр зургийг буулгасан 20 гаруй гэрэл зураг дэлгэгджээ. Эсрэгээрээ өвлийн өвөөгөөс бэлэг аваад инээж зогсох хүүхдийн гэгээлэг зураг ч үзэсгэлэнд байна. Зэргэлдээх ертөнцийг харуулах гэрэл зургийг “Лантуун дохио” ТББ-ынхан шинэ жилээр ид шидийн уут бэлгээ амьдралын боломжгүй, хотоос алслагдсан гэр хороололд амьдардаг, өмнө нь хэн нэгнээс бэлэг авч үзээгүй хүүхдэд тарааж явах үеэр даржээ. Олон хүний сайхан сэтгэлээр 15 мянга орчим хүүхдэд ид шидийн бэлгийг “Лантуун дохио”-н залуус өгсөн гэнэ. Энэ үеэр элэг эмтэрч, сэтгэл зүсэгдэм амьдралтай олон хүүхэд та, бидний хажууханд, булан эргээд зэргэлдээ амьдардаг нь тод харагджээ.
Д.УУДАМ
Зураглаач Э.ЭНХБАТ