Чебоксары хотноо өндөрлөсөн Оросын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өндрийн харайгч Анна Чичерова 207 см дээгүүр дүүлж, үндэсний дээд амжилтыг шинэчиллээ. Долдугаар сарын 22-нд 29 нас хүрсэн, хөхүүл эх Анна эхлээд 188 см-ийг бие халаах маягаар давсан байна. Улмаар 191, 197, 200 см-ийг эхний оролдлогоор, 204 см-ийг хоёр дахиар харайж, энэ улирлын дэлхийн шилдэг үзүүлэлтийн эзэн болсон. Дараа нь үндэснийхээ рекордтой (2004 оны олимпийн аварга Елена Слесаренко 206 см-ээр тогтоосон) халз тулахаар шийджээ. Дэлхийн хошой мөнгөн медальтай Анна Чичерова эхний оролдлогоор давчих тун дөхөж, удаахь оролдлогодоо гавьсангүй. Харин сүүлчийн оролдлогодоо ямар ч алдаа гаргалгүй, дэлхийн түүхэнд дөрөвт орохуйц амжилтад хүрчээ. Түүнээс өмнө Болгарын Стефка Костадинова 209 (дэлхийн рекорд), Хорватын Бланка Влашич 208, Шведийн Кайса Бершквист мөн 208 см дээгүүр харайсан түүхтэй.
Оросын рекордыг эвдсэний дараа үзэгчид дэлхийн рекордыг зөгнөн “хоёр-арав, хоёр-арав” хэмээн уухайлж байсан ч тэрбээр өөрийн дасгалжуулагч Евгений Загорулкотой зөвшөөд, улсынхаа рекордыг төрсөн өдрийн бэлэгт хангалттай гэж үзжээ. Чичерова “Одоо надад 210 руу оролдоод үзэх боломж бүрдсэн. Дасгалжуулагч миний 207-г гайхалтай болсон гээд 210-ыг тохиромжтой үед нь туршаарай гэсэн. Тэр үеэр ээж минь над руу утас цохиж, охиныг минь үг хэллээ гэж дуулгалаа. Би маш их баярлаж байна” гэжээ.
Ойрын өрсөлдөгч Светлана Школина, Слсаренко нар ердөө 197 см дээгүүр харайсан байна.