Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг судалжээ.
Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг харуулжээ.
Жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн гашуун мэдээг судалгааны баг өгөв.
Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвдөх болсныг судалгаа харуулжээ.
Цаашид Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн байгаа хэмжээнд үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувь буюу 700 орчимд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Гэтэл 2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо нийт нас барагсдын 20 хувьд хүрсэн байна.
СУДАЛГААНЫ БАГААС ГАРГАСАН ДҮГНЭЛТ:
- Энэхүү судалгаа нь нийт хүн амын шилжилт хөдөлгөөн, өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, эрүүл мэндийн байдал, нийслэлийн гадаад болон дотоод орчны бохирдлын 2014-2024 оны төлөвийг харуулсан гэх мэт олон төрлийн мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэн, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулагдсан үнэлгээ юм.
- Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэгт тоосонцороос (РМ2.5) үүдсэн өвчлөл нилээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушигны хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 120-130 орчим тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1250 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна.
- Бидний тооцоололоор 2014 оны байдлаар РМ2.5 нөлөөлөлөөс 0-5 хүртэлх хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд 19 хувь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт (нийт нас баралтын) зэрэг нь агаарын бохирдолоос шалтгаалж байна.
- Судалгааны багын дүгнэлтээр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авалгүй одоогийн байдлаар үргэлжлүүлбэл 2017-2024 оны хооронд цаг бус, эрт баралтын тоо 13000-аар ихсэнэ. Тиймээс цогц, эрс шийдэмгий арга хэмжээг яаралтай авах нь нэн шаардлагатай юм.
- Нийслэлийн иргэдийг амьдрах сууцны төрлөөр тооцон гаргахад нийт хүн амын нарийн ширхэглэгт тоосонцорын (РМ2.5) өртөлтийн жилийн дундаж хэмжээ 68 мкг/м3 (суурь түвшин) харин дотоод орчны 71.9 хувь, гадаад орчны 7.3 хувь, дам тамхидалтын өртөлт 20.8 хувь байгаа нь гэр, сууцны дотоод орчны агаарыг сайжруулах, дам тамхидалтыг анхаарах шаардлагатайг харуулж байна.
- Судалгааны ажлын хүрээнд төлөвлөсөн (Хувилбар 2) агаарын бохирдлын агууламжийг тодорхой хэмжээнд зохицуулалттай бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох ӨААЖ-ийг 25%-аар бууруулж байгаа ч олон улсын стандартаас мөн л өндөр байхаар байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн (Хувилбар 3) илүү эрс шийдэмгий арга хэмжээ авах хувилбар нь айл өрхүүдийн хатуу түлшний хэрэглээг бүрэн халах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр сУДалгааны тооцоллын түвшинд эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг 60%, түүний нэг хүнд ногдох хувь хэмжээг 70%-аар тус тус бууруулж өртөлтийн түвшинг олон улсын жишигт нийцүүлэх боломжтойг харууллаа.
АЛБАНЫ ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙНА
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн судлаачид монгол гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг тусгайлан судалжээ. Үр дүнд нь жирийн зуух, сайжруулсан зуух хоёроос гарах тоосжилт, утаа, тортог бага зэрэг ялгаатай байсныг тогтоосон байна. Сайжруулсан зуухны шаталт энгийн зуухныхаас илүү байдаг тул тортог, хөөний хэмжээ ихтэй байдаг тухай судлаачид ярив.
Зураглаач Э.ЭНХБАТ
Холбоотой мэдээ