Уайнхаусыг Грэммийн шагналд хөтөлсөн "Back to Black" цомогт хамтран ажиллаж байсан продюссер Марк Ронсон түүний оршуулгын ёслолд оролцжээ. Харин Уайнхаусын экс-нөхөр Блейк Филдер Сивил хараахан шоронгоос суллагдаж амжаагүй байсан тул оршуулгын ёслолд оролцож чадаагүй байна. Ноён Блейк дээрэм, зөвшөөрөлгүй галт зэвсэг эзэмшиж байсан үндэслэлээр 32 сар хоригдох ял хүлээсэн юм. Уайнхаусын оршуулгын ёслол найзууд, гэр бүлийнх нь хүрээнд цомхон болж өнгөрсөн талаар түүний зөвлөхөөр ажиллаж байсан Крис Гудмэн мэдэгджээ.
Алдарт дуучин бүсгүйн цогцосноос авсан цусны болон эдийн лабораторийн шинжилгээний хариу гартал түүний үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй тухай шинжээчид мэдэгдээд буй. Тэгэхээр наанадаж, хоёроос дөрвөн долоо хоног хүлээх болж байгаа юм. Уайнхаусыг Лондон хот дахь гэртээ нас барсан байдалтай байхад нь олсноос хойш хоёр хоногийн дараа Сэйнт Пенкресийн эмнэлэгт задлан шинжилгээ хийжээ. Уайнхаусын эцэг охиноо дурсахдаа “Тэр хамгийн сүүлд надтай утсаар ярихдаа дээр үед гэр бүлээрээ авахуулж байсан зурагнуудтай хайрцгийг олсон тухайгаа хэлж, намайг ирж үзээч гэж байсан. Тэр үед охин маань маш аз жаргалтай байсан” гэжээ.
Нас барахынхаа өмнөх орой Уайнхаус бөмбөр тоглож, дуулж, баяр баясгалантай байсан ба орой болоход түүний хамгаалагч дуугаа зогсоож амрахыг зөвлөхөд дуулгавартайгаар зөвшөөрч, хэсэг зуур байшингийнхаа ойр орчмоор алхаж байгаад өрөөндөө орж амарчээ. Маргааш өглөө нь хамгаалагч түүний өрөө рүү ороход хатагтай Уайнхаус унтаж байгаа мэт байсан тул хамгаалагч саад болохыг хүсээгүй байна. Харин хэдэн цагийн дараа дахин өрөө рүү нь орохдоо түүнийг амьсгалахгүй байгааг олж мэдээд тусламж дууджээ. Цагдаа нар өнгөрсөн бямба гаригийн өдрийн 16.00 цагт дуудлага авч, гэрт ирэхэд тэрбээр хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Уайнхаусаас гадна хэд хэдэн алдартай одод 27 насандаа өөд болж байсны дотор Жими Хендрикс, Жим Моррисон нар хар тамхинд хэт донтож нас барж байсан бол Курт Кобейн 27 настайдаа амиа хорлож байжээ.