Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордонд Ардын их хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах ёслол болсон юм. Энэ үеэр Ардын их хурлын депутатуудаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцэх ёстой, үгүй гэх мэт олон асуудал яригдаж байна. Эцэг хууль маань 25 жил боллоо. Цаг хугацаа бүхий л зүйлийг харуулна. Энэ хуулийн тодорхой заалтууд өнөөгийн цаг үед нийцэж байна уу, үгүй юу. Юуг нь засах ёстой юм. Яагаад? Яагаад гэдэг үндэслэл байж заалт солих шаардлага гарна. Ялангуяа, Үндсэн хууль өнгөрсөн 25 жилийн хугацаанд том үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ манайхан Үндсэн хууль өөрчлөнө гэхээр бүхэлд нь өөрчлөх гэж байгаа юм шиг буруу ойлголттой хандаад байдаг. Тийм зүйл байхгүй. Энэ хууль бол сайн хууль, эх хууль. Гар хүрэхэд хайран санагдаж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цөөн хэдэн заалтыг өөрчлөх ёстой. Тодруулбал, засаглалын асуудал байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд засаглалын асуудал хэцүү явж ирсэн. Цаашид энэ маягаар зүтгүүлэх юм уу. Юм ханаж, тулна гэж байдаг бол болчихоод байна. Энэ маягаар дараагийн сонгуулиар хэн ч гарсан засаглалын механизм явахгүй болчихоод байна. Тиймээс солих ёстой. Яагаад Засгийн газар тогтворгүй, дөрвөн жилийн хугацаанд 2,3 Ерөнхий сайд огцруулаад байгаа юм. Гэтэл бусад оронд тогтвортой хөгжөөд байдаг. Хамгийн гол нь тогтвортой байх ёстой. Засгийн газрын хийх ажил ойлгомжтой, засаглал тогтвортой, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хүч оролцдоггүй байх тогтолцоог Үндсэн хуульд хийж өгөх ёстой. Тэгж байж бүх зүйл тодорхой болно. Тэгэхгүй бол Ерөнхий сайд томилогддог. Эрх мэдэл байхгүй, хэн нэгний заавраар танхимаа бүрдүүлдэг байх нь зохимжгүй. Засгийн газар өөрт байгаа хөрөнгийн хэмжээгээр мөрийн хөтөлбөр оруулаад ирэхээр “УИХ-ын 76 сайд” нь тийм юм байхгүй, үүнийг хас, тэрийг нэм гэдэг. Монголд хүчтэй засаглал хэрэгтэй. Наад захын ийм асуудлыг шинэчлэх ёстой. Цаашлаад засаг захиргааны нэгжийн асуудал байна. 330 гаруй жижиг сум хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Хайран мөнгө тал тал руу цацагдаж байна. Бид төвлөрсөн цагт хөгжил бий болно. Энэ мэт хэдэн заалтаа өөрчлөх ёстой гэж бодож байна. Өөрчлөхийн тулд ард түмнээс асууя гэж ярих юм. УИХ-ын гишүүд өөрсдөө ард түмний төлөөлөл шүү дээ. Иргэдийн итгэлийг хүлээж сонгогдчихоод Дорж, Дулмаагаас асуухгүй бол болохгүй байна гэх. Дорж, Дулмаа болгон Үндсэн хууль, эрх зүйн актыг мэддэгүй юм. Хийх эрхийг нь өгчихсөн байхад хэнээс асуух гээд байгаа юм бэ. Юунаас айгаад байгаа юм. Араа даах ёстой. Хэн нэгнээс асуусан нэрийдлээр араа хамгаалах ямар хэрэгтэй юм. Үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөх гээгүй, тодорхой хэдэн заалтыг өөрчилж яагаад болохгүй гэж.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санаагаа ард түмэнд зөвөөр хүргэх гэж их улайрч байна. Олон нийтийн анхаарлын төвд авч ирж байгаад өөрчлөх бодол зарим улс төрийн хүчинд байдаг юм шиг байна. Гэхдээ ямар өөрчлөлт хийх талаар тодорхой зүйл хэлэхгүй, Үндсэн хуулиас болоод улс орон хөгжихгүй, төр засаг тогтворгүй байна гэж яриад байх юм. Яг үнэндээ бол тийм биш гэж бид бодож байна. Өөрчлөлт хийхдээ үндсээр нь өөрчлөх гээд байгаа юм уу, жижиг өөрчлөлт хийх гээд байгаа юм уу. Их ойлгомжгүй. Хэрэв үндсээр нь өөрчлөлт хийвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд байгаа юм уу, хоёр танхимтай парламент бий болгох гээд байгаа юм уу. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх гээд байгаа юм уу. Энэ мэт асуудал яригдаж байна. Анх Үндсэн хууль батлахад энэ тухай ярьсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэвэл Ерөнхийлөгчийг дагасан тойрон хүрээлэгчид үүсч мэднэ. Хоёрдугаарт, дэлхий нийт парламентын засаглал руу явж байгаа. Монгол Улс энэ жишгийг дагах хэрэгтэй гэж үзээд баталсан. Хоёр танхимтай парламент гурван сая хүнтэй Монгол Улсад ахадсан зүйл. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч болно. Гэхдээ Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг асуудал үүсээд байгаа болохоос эрх хэмжээгээ Үндсэн хуулийн заалттай зохицуулаад явахад болохгүй зүйл байхгүй. Урьд өмнө нь гурван Ерөнхийлөгчийн байхад ийм яриа байгаагүй. Ерөнхий сайдад их эрх мэдэл өгч, сайдаа өөрөө томилдог байх. Парламнентыг тараах тухай эрх олгох хувилбар яригдаад байгаа. Сүүлийн жилүүдэд нэг зүйл ажиглагдсан. Эрх мэдэлтэй болоод ирэхээрээ ах дүү, садан төрлөө албан тушаалд томилдог байдал. Ийм зүйл болчихвол нэг, хоёр хүн иддэг байснаа болиод ах дүүгээрээ нийлээд Засгийн газар, улс орноороо тоглох юм биш биз гэсэн бодол байна.
-Үндсэн хуулийг батлахын тулд Ардын их хурлын депутатууд маш олон талаас нь хэлэлцсэн. Тухайн үед хөндөж тавиагүй сэдэв гэж байхгүй. Одоо яригдаж байгаа сэдэв тэр үед гарч байсан. Маш удаан хэлэлцсэний эцэст одоогийн хувилбар дээр тогтсон. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх талыг би дэмждэггүй. Яагаад гэвэл, Үндсэн хуулиар оролдвол одоо байгаагаас муу үр дагавар гарч мэдэх юм. Ер нь эцэг хуулиа өөрчлөхийн өмнө хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулиас болж УИХ-ын гишүүд ажилдаа суухгүй таслаад байгаа юм биш. Тиймээс УИХ, Засгийн газар, яам, тамгын газар бүх шатанд хариуцлагаа сайжруулж байж ажил явна. Манайд бол хариуцлагагүйн зуд нүүрлээд байгаа шүү. Тиймээс Үндсэн хуулиар оролдохоос урьтаад хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Эцэг хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ганц нэг асуудал бий. Гэхдээ өөрчилж байгаа нь энэ гээд муу болгож болохгүй. Ардын их хурлын депутатууд хэлэлцэж байх үед миний бие хоёр танхимтай болгох байр суурьтай байсан. “Одоогийн 76 гишүүнтэй УИХ нь ард түмнээс тасарсан хөлгүй толгой болно шүү” гэдэг саналаа бичгээр өгч байсан. Гэвч нэг танхимтай, 76 гишүүнтэй байх хувилбар дээр тогтсон. Үндсэн хуулийн үзэл санааг ойлгоод чин үнэнч мөрдөх юм бол шавхагдашгүй зүйл их бий гэж хэлмээр байна.
-Үндсэн хуулийг өөрчлөхдөө гүйцэтгэх засаглал эрх мэдлийг онцгой анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл Засгийн газар салбар яамны хэмжээнд Монгол Улсын бүх ажлыг зохион байгуулж байна. Иймд аймаг, сумын засаг дарга нарын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Засаг дарга нь ИТХ-аас сонгогддог биш Ерөнхий сайд аймгийн Засаг даргаа томилдог, аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргаа томилдог, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилдог тогтолцоотой болчихвол Монголд бүтээн байгуулалт, ажлын хариуцлага, үр дүн өндөр болох юм. Ийм өөрчлөлтөөс өөрөөр хамаагүй оролдвол Үндсэн хуулийн хямрал бий болдог. Манай Үндсэн хууль сайн хууль юм шүү.
-Би хувьдаа дордуулсан долоон өөрчлөлтийг засах ёстой гэж бодож байна. Энэ долоон заалтаас болж Монгол Улс өнөөдөр 25 тэрбумын өрөнд унасан байх. Тиймээс дордуулсан заалтаа байранд нь оруулах хэрэгтэй.
-Үндсэн хуулийг нэг их өөрчлөөд байх шаардлага байхгүй. Улс төрчид бусармаг үйл ажиллагаагаа Үндсэн хуульд тохож байна. Эцэг хуулийг өөрчлөх шаардлага байж болно. Гэхдээ нийт ард түмнээсээ асуух хэрэгтэй. Түүнээс биш УИХ-д сууж байгаа 76 гишүүн Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Манай “Үндсэн хууль тогтоогчдын холбоо” ч мөн адил ийм бодлого баримталж байгаа.