Чөлөөтийнхөн Тахтын цомд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Тахтын цомд өрсөлдөнө

Иран улсад жил бүр болдог Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын “Алтан Гран-При” тэмцээн 37 дахь удаагаа Мешхед хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд болох гэж байна.

Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн гурван төрлөөр хувийн болон багийн тэмцээн хэлбэрээр болно.

Монголын бөхчүүд тус тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжсөний дараа энэ удаа оролцох гэж байна.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН:

  • 57 кг: Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо/ 

  • 61 кг: Төмөр-Очирын Тулга /”Арслан” клуб/

  • 65 кг: Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/

  • 70 кг: Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/

  • 74 кг: Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/

  • 86 кг: Баасанцогтын Өлзийсайхан /”Хасу-Мегастарс” клуб/

  • 97 кг: Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/

  • 125 кг: Энхбаатарын Төгөлдөр, /”Хасу-Мегастарс” клуб/ нар барилдана.

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар дасгалжуулагчаар, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан шүүгчээр оролцоно.

Монголын бөхчүүд тус нэр хүндтэй тэмцээнд 1967 онд анх оролцож, Д.Сэрээтэр, Т.Артаг нар мөнгө, С.Сүрэнжав, Ц.Нацагдорж, Х.Баянмөнх нар хүрэл медаль хүртэж байснаас хойшхи хугацаанд олон улсын хэмжээний мастер Ч.Батбадрал 1991 онд, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд алтан медаль авч байжээ. Харин хамгийн сүүлд 2014 онд ОУХМ Б.Номин хүрэл медаль хүртсэн.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж