Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

Зуун дамжих үйлдвэр

Дорнын шаргал талд Монголын цементийн хэрэглээний 50 хувийг дангаараа хангах хүчин чадалтай “Монцемент” үйлдвэр нүргэлж байна.

Гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын тэргүүн энэ нутагт ирэхэд Сайншанд дэд станцаас салаалсан 53.3 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц, тэгшилсэн талбай, хэдэн бор гэрээс өөр тортойх, торойх зүйл байгаагүй юм. Гэсэн ч газар, газраас цугласан залуус “Жилийн дараа та ирээрэй, бид үйлдвэрээ барьчихна” гэж хэлж билээ. Тухайн үед Ерөнхий сайд “Та нар амжих уу, бүхэл бүтэн үйлдвэр барина гэдгээ мэдэж буй биз” гэж сануулсан.

Товлосон өдөр ч ирж, 2015 оны наймдугаар сард “Монцемент” үйлдвэрийн туузыг хайчилхад монголчууд “Эрдэнэт” үйлдвэртэй энэ зэрэгцэхүйц нэгэн том бүтээн байгуулалттай болсон юм.

Зундаа хатуу хучилттай авто замынх нь лак хайлж, шарчих шахдаг Дорноговь аймгийн Өргөн суманд хүйтний эрч тас хийж байлаа. Харин өнөөх том үйлдвэр хүйтнийг үл ажрах, бас хараа булаасаар.

Сэнж худаг ордыг түшиглэн байгуулсан “Монцемент” үйлдвэр Улаанбаатар хотоос 520 км зайд, Дорноговь аймгийн Сайншанд хотоос 55 км-т, Өргөн сумын төмөр замын өртөөнөөс ердөө 1 км зайд оршдог.

Биднийг очиход “Монполимет” группийн Геологи, уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх “Манай үйлдвэрийн томыг хүмүүс ирээд л мэддэг юм даа” гэсээр угтлаа. Үнэндээ ч үйлдвэрлэлийн бүхий л ажилтай танилцвал нэг өдөр ч багадахаар…

“Монцемент” үйлдвэр нь жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэдэг тул ус бага ашигладаг аж. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүрэн автоматжлагдсан тул төв хяналтын өрөөнөөс үйлдвэрлэлийн бүхий л процессыг хянаж, удирдана.

Үйлдвэрээс ялгарах халуун хийг ашиглан буцааж эрчим хүч үйлдвэрлэдэг. Ингэснээр тус үйлдвэр төвийн эрчим хүчээс авах цахилгааны хэрэглээгээ бууруулж чаддаг. Мөн үйлдвэр хэрэглэсэн усаа дахин боловсруулж, ашигладгаараа онцлог.

“Монцемент” үйлдвэрийн ерөнхий технологич Ч.Чойжилсүрэн “Манай үйлдвэр ахуйн хэрэглээнийхээ усны 98 хүртэл хувийг цэвэршүүлэх байгууламжтай, энэ нь говийн бүс нутгийн усан хангамжид сөргөөр нөлөөлөхгүй байх давуу талтай юм” гэж үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг танилцуулж явахдаа онцоллоо.

Мөн энэ үйлдвэр тоосжилт, азот, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага, эрчим хүч болон түлш зарцуулалт зэрэг нь Монгол Улсад ашиглагдаж байгаа нойтон аргын үйлдвэрээс хоёр дахин бага аж. Эко үйлдвэр гэж нэрлэгдсэний учир нь энэ байлаа.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсаар савлах хэсэгт ирвэл улаан, ногоон, хөх ууттай 50 кг-аар савлагдсан “Монголд үйлдвэрлэв” шошготой цементүүд шилээ даран уутлагдаж байлаа. Тус савлагааны төхөөрөмж нь цагт 80 тн, 1600 ширхэг 50 кг-ын ууттай цемент, хоногт 1920 тн, 38400 ширхэг 50 кг-ын ууттай цемент уутлах хүчин чадалтай аж. Мөн цемент нь чанараараа Монголдоо тэргүүлж байна.

“Монцемент” үйлдвэр дотоодын эрэлтээс шалтгаалж өнгөрсөн жил 220 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь 100 хувь дотооддоо амжилттай борлуулагджээ. Энэ бол Эрээн хотоос орж ирэх импортын цементийг хааж, тэр хэрээр гадагшаа урсах валютын урсгалыг зогсоож чадсан гэсэн үг юм.

ӨРГӨН СУМЫГ ӨРГӨН ХОТ БОЛГОНО

Төсөл хэрэгжүүлэгчдийн хамгийн том мөрөөдөл нь Өргөн сумыг ирээдүйд Эрдэнэтийн дайтай хот болгох. Анх төслийг хэрэгжүүлэхээр болж, 2006 онд судалгаагаа эхлүүлэх үед Өргөн сум 2000 хүрэхгүй хүн амтай, ажилтай иргэд цөөн байсан бол өнөөдөр хүн ам нь 2000 хол давжээ. “Монцемент” үйлдвэрт ажиллаж байгаа иргэдийн 40  шахам хувь нь нутгийн уугуул иргэд. Үйлдвэр баригдаж эхэлсэн үеэс сумын иргэдийн хот хүрээг зорих нүүдэл багасаж, ажилтай иргэдийн тоо ч өссөн нь ийм учиртай аж.

Одоо тус үйлдвэрээс холгүйхэн 6 га бүхий талбайд ажилчдад зориулсан орон сууц, хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал баригдаж байна. Орон сууцны эхний хэсэг нь ашиглалтад орсон.

Мөн үйлдвэрийг дагаж дэд бүтэц тавигдсанаас гадна гурван салаа 3.5 км төмөр зам баригдаж ашиглалтад оржээ.

Харин үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад монголчуудаас гадна Франц, Энэтхэг, Швейцарь, Хятад улсын иргэд гар бие оролцсон. Одоо ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гадаадын ажилчид хяналт тавьж, ажилладаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигдэрч, монголчууд дангаараа үйлдвэрээ аваад явах чадалтай болсон хойно тэд нутаг буцах гэнэ.

“Монцемент” үйлдвэрийг удирдаж байгаа Египетийн иргэн Ехаб Девидор “Сэнж худаг ордын батлагдсан нөөц нь 264.9 сая тонн, 170-аас дээш жил ажиллах боломжтой тул “Монцемент” бол зуун дамжих үйлдвэр” гэдгийг онцлон тодотголоо. Мөн Монголд том төслийг хэрэгжүүлэхэд бизнесийн таатай орчин дутагдаж байгаа гэдгийг онцолсон юм.

Египетэд “Монцемент”-тэй ижил төстэй ийм хэмжээний үйлдвэр баригдаж ашиглалтад ороход эхний арван жилд ямар нэг төрлийн татвараас чөлөөлж, хөнгөлөх зэргээр төр нь дэмждэг байна. Харин Монголд энэ эрх зүйн орчин дутагдаж буй аж. Хэрвээ ийм таатай боломжийг үйлдвэрүүддээ олговол Монголд олон, олон үйлдвэр шинээр баригдах таатай орчин болох гэнэ.

Төсөл хэрэгжүүлэгчид “Монцемент” үйлдвэрийг барихын тулд 260 сая ам.долларыг зарцуулжээ. Үүний 65 сая ам.доллар нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилт юм. Өөрөөр хэлбэл, Чингис бондын тодорхой хувь дээрх үйлдвэрийг барьж байгуулахад ашиглагдсан гэсэн үг. Гэрээнд заасан цаг хугацаандаа багтаан зээлээ төлж буй аж. Одоогоор хоёр ч удаагийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ.

Төслийн бусад санхүүжилт болох 33 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, 44 хувийг “Монполимет” группээс гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж