Тэмбүүгийн халдвар 15-29 насныхны дунд нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

Тэмбүүгийн халдвар 15-29 насныхны дунд нэмэгджээ

Бэлгийн замаар дамжих халдвар сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ мэдээллээ. Тэр дундаа тэмбүүгийн халдвар 15-29 насныхан дунд өндөр байгааг өнөөдөр /2017.01.13/ болсон НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын уулзалтын үеэр албаныхан дурьдсан юм.

2015 оны байдлаар л гэхэд бэлгийн замаар дамжих халдварын 45.9 хувийг тэмбүү эзэлжээ. Улмаар тэмбүүгийн тохиолдол өмнөх оноос 788-аар нэмэгдсэн гэх дүнг ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгаанд дурьджээ. Ер нь тэмбүүгийн халдвар 2005-2010 онд тогтвортой байсан бол 2010 оноос хойш тогтмол өсөлттөй гарах болсон гэв.

Ялангуяа бэлгийн замын халдварт өвчинтэй иргэдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлдэг гэх судалгааг гаргажээ. Энэ нь өсвөр насныхан болоод залуусын дунд өвчлөл өндөр байгаагийн илрэл гэлээ.

Ийнхүү бэлгийн замаар дамжих халдварын тархалт их байгаа нь эргээд ХДХВ-ийн халдварыг нэмэх хүчин зүйл болж буйг “Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж онцлон мэдээллээ.  Мөн заг хүйтэн, тэмбүү зэрэг өвчлөл жилд 16 мянга бүртгэгддэг байна. Энэ нь ХДХВ-ийн халдварын эрсдэл тэр хэмжээгээр өндөр байгааг сануулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 226 тохиолдлыг бүртгэжээ. Тэдний 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд байна.

ХӨСҮТ-д 400 гаруй мянган иргэн ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ өгчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг халдвар тээгчийн ард хэдэн хүн байх вэ гэдэг тандалт судалгааг 2016 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд явуулжээ. Ингэхэд 2016 онд 458 хүн, 2017 онд 480 гаруй хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэх тооцоог гаргасан байна.

ХДХВ/ДОХ-той иргэдийн  хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж авах эрхийг хангах

Тэгвэл НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрх, урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт ямар байна вэ гэдгийг судлаад Засгийн газарт тодорхой зөвлөмж хүргүүлжээ.

Энэ зөвлөмжид дурьдсанаар нэн тэргүүнд ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрүүл мэндийн тусламж авах, хөдөлмөрлөх, нийгмийн халамж хүртэх эрх ихээр зөрчигдөж буйг сануулсан байна.  Мөн ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээний нууцыг чандлан хадгалахад анхаарах хэрэгтэйг сануулжээ. Улмаар үүнтэй холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулахыг зөвлөсөн байна. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ДОХ-ын асуудлаар Үндэсний хороо байгуулах, ДОХ/ХДХВ-ын халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхалтай тэмцэх, хохирогчийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болж, өдөөн хатгасан үзэн ядах үг хэллэг, хүчирхийллийн эсрэг тэмцэхийг зөвлөжээ.

Цаашлаад ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах, бэлгийн чиг баримжаа, хүйсээр ялгаварлахыг гэмт хэрэгт тооцох, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтай холбоотой мэдээлэл цуглуулж, статистик гаргахыг зөвлөмждөө дурьдсан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх өвчлөлүүдтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд төсөв хөрөнгө хангалтгүй байдаг нь гол асуудал болжээ. Тухайлбал, аймаг, сум, дүүргийнхээ иргэдэд эдгээр өвчнөөс сэргийлэх, тогтмол хяналт тавих ажилд төсөв хөрөнгө хангалтгүй байдаг аж. 2010-2013 оны хоорондох судалгааг авч үзвэл ХДХВ/ДОХ-ын эсрэг үндэсний хэмжээнд зарцуулсан нийт төсвийн 80 хувийг Глобаль сан гаргажээ. Харин 37 хувийг улсын төсвөөс, таван хувийг хувийн салбарынхан гаргасан гэх тооцоо байна.  

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж