85 настай, хүрэл медалийн эзэн тэшүүрчинтэй танилц

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

85 настай, хүрэл медалийн эзэн тэшүүрчинтэй танилц

Монголын тэшүүрийн холбооноос мастеруудын гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 7-ны өдөр Хандгайтын мөсөн гулгуурын талбайд зохион байгуулсан билээ. Энэхүү тэмцээнд 30-аас дээш насны 60 гаруй ахмад тамирчид өрсөлджээ. 65-аас дээш насны тамирчид 300 метрт өрсөлдсөн бөгөөд 85 настай З.Жанчив замаа амжилттай дуусгаж, хүрэл медаль хүртжээ. Ингээд түүнтэй холбогдож, ярилцсанаа хүргэж байна.

Зүүн гар талаас З.Жанчив

-Мөсөн талбайдаа гараагүй удсан гэж байсан. Гэхдээ та энэ жилийн улсын аваргаас хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Нас сүүдэр 85 хүрч байгаа ч хааяа мөсөн дээр гарахыг их хүсдэг. Энэ жилийн улсын аваргад зорьж байгаад оролцлоо. 300 метрийн замаа амжилттай дуусгаж, медаль хүртлээ. Сэтгэл их өндөр байна. Би өнгөрсөн жилийн улсын аваргад оролцож чадаагүй юм.

-Тэмцээнд оролцохын өмнө бэлтгэл хийж чадсан уу?

-Үгүй дээ. Бэлтгэл хийх боломж үнэндээ гарсангүй. Харин тэмцээнд орохын өмнө 3-4 минут гулгаж байгаад орсон. 

-Таны хувьд тэшүүрийн спорттой хэрхэн холбогдсон бэ?

-Би 1959 онд МУИС-ийг төлөвлөгөөт эдийн засагчаар төгссөн. Оюутан байхад тэшүүрийн спорттой холбогдсон түүхтэй. 2-р курсээсээ эхлээд Даржаа багшийн шавь болж, залуучуудын шигшээ багийн залуустай хамт хичээллэдэг байсан. Манай ангиас надаас өөр тэшүүрийн спортыг сонирхсон хүн байдаггүй. Тухайн үед их сургуулийн ард мөсөн талбай байгуулахад сонирхоод очиж байлаа. Өөртөө их хатуу зорилго тавьж байгаад сурсан даа.    

-Сонирхлоо дагаад спорттой холбогджээ. Тэшүүрийн спортын зэргийн болзлыг хэрхэн биелүүлж байсан бэ?

-Спортын зэрэг авч амжаагүй. Гэхдээ II зэргийг биелүүлж байсан. Дээр үед тэшүүрийн спортоор цол зэрэг авахад их хүнд байдаг байлаа. Өрсөлдөөн маш их. Би сургуулиа 1959 онд төгсөөд төрсөн нутаг Өмнөговь аймагтаа томилогдож байсан. Тухайн үед эдийн засгийн мэргэжилтнүүдийг Намын Төв хороо хуваариладаг байлаа. Манай нутагт тэшүүрийн спорт сайн хөгжөөгүй байсан ч аль болох гулгахыг хичээдэг байсан. Дараа нь Увс, Хэнтий аймагт томилогдоод очиход мөсөн дээр их гардаг болсон доо. 1996 онд Улаанбаатар хотод ирж байсан. Ахмадын улсын аваргад оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн удаатай. Энэ жил нас 85 хүрсэн ч хичээж байгаад мөсөн талбайд гарлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж