Хүний үнэр гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Тэгвэл цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үнэрээр нь таниж, баривчилж байна. 2014 онд Баянзүрх дүүргийн /БЗД/ нутаг дэвсгэрт удаа дараа дээрмийн хэрэг гарчээ. Мөрдөгч хохирогчдын өгсөн мэдүүлгийг харьцуулж үзээд дээрмийн хэргийг нэг хүн үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглав Улмаар мөрдөгчийн таамаглал ёсоор болж, хэрэгтнийг илрүүлсэн гэв. Хэрэгтэнг үнэрээр нь илчилж, баривчилсан байна.
Хэргийн газар дээрээс гэмт хэрэгтний үнэрийг яаж бусад зүйлсийн үнэрээс ялгаж, таньдаг талаар сонирхон асуувал,
Хэргийн газар гэмт хэрэгтний үлдээсэн үнэрийг соруулах, арчих, ороож боох аргаар авч шилэн саванд битүүмжлэн хадгалдаг байна. Хүний хурууны хээ дахин давтагдашгүй байдагтай адил хүн бүрийн үнэр мөн тийм байдаг гэлээ. Хурууны хээ эд мөрийн баримт болдгийн адилаар хүний үнэр ч мөн баримт болно гэж Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Сургалтын төвийн Үнэрийн лабораторийн эрхлэгч Э.Дарханбаяр хэлэв.
БЗД-ийн харьяат иргэн Т-ийн вакум цонхыг эвдэн орж эд зүйлс хулгайллаа гэсэн дуудлага цагдаад иржээ. Дуудлагын дагуу тусгай төлөөлөгч очиж, хэргийн газраас сэжигтний гутлын мөрийг илрүүлж, баривчилсан байна. Гутлын мөрөнд ч тухайн хүний үнэр шингэсэн байдаг ажээ. Хүний үнэрийг шингээж авсан давуугаа шилэн саванд хийсний дараа ЦЕГ-ын Сургалтын төвийн үнэрийн лабораторид авчирдаг гэнэ. Тус лаборатори нь үнэр хадгалах сантай. Хэргийн газраас ирсэн савласан үнэрийг тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийн үнэртэй харьцуулдаг байна. Ингэхдээ нохойны үнэрлэх, үнэр ялгах чадварыг ашигладаг юм.
Энэ лабораторид ямар материалд үнэр удаан тогтдог болохыг судалж байна. Одоогоор 20-30 төрлийн материалд судалгаа хийж, хөвөн зөөлөн даавуун материалд үнэр илүү удаан тогтдог болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүний үнэрийг өөртөө шингээж, удаан хугацаанд хадгалах нэгдсэн стандарттай болохоор лабораторийнхон судалгаа хийсээр буй. Үнэрийн санд өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний үнэр хадгалаастай байх юм. Хамгийн сүүлд БЗД-т Хар усан тохойд байрлах айлын эд зүйлийг хулгайлсан этгээдийн үнэрийг авч, лабораторитоо авчирчээ. Энэ этгээд дахин гэмт хэрэг үйлдвэл цагдаагийнхан эрлийн үнэрч нохойгоогоороо лабораторит хадгалсан үнэрийг нь давхар үнэрлүүлж, шууд баривлах юм. Цагдаагийн байгууллага хүний үнэрийг 2014 оноос сан үүсгэн хадгалдаг болжээ.
Зураглаач Э.ЭНХБАТ