Засгийн газрын ээлжит /2017.01.11/ хуралдаанаар Тагнуулийн ерөнхий газар /ТЕГ/-ын Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилох шийдвэр гаргажээ. Н.Ганболд нь Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргын албыг хашиж байгаад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зааснаар 68 шийтгэлд албадан ажил хөдөлмөр эрхлүүлэхээр заасан бол хамгийн дээд ял нь 25 жил хорих заалт туссан юм.
“Сэнтрал Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт /2017.01.09/ гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авч, ажилласан. Сэжигтэн АНУ-ын иргэн, 51 настай хүн байсныг хуулийнхан тогтоож, хэргийг цагдаагийн байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн юм. Цагдаа болон тагнуулын байгууллагын шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх зүйл олдоогүй ба АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны хариуцлага тооцож, түүнийг суллажээ.
Анагаахын сургуулийн багш нар 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг судалгаагаар тогтоожээ. Жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн гашуун мэдээг судалгааны баг өгөв. Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж, уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвдөх болсныг судалгаа харуулжээ.
Ханиад томууны дэгдэлт эрчимжиж байгаатай холбоотойгоор “Tod-H” хүүхдийн эмнэлэг үзлэгийн төлбөрөө 20 мянгаас 1000 төгрөг болгож бууруулжээ.
Хотын удирдлагууд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Өчигдөр өвлийн илүү дунд сарын шинийн 15 тохиолоо.Энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11-15 цагийн хооронд "Сандуй" ном хурав.
Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцэж өчигдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүх хуралдаанаар Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон байна.