Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадыг чөлөөлөх, түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий аудитор А.Зангад Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас түүний оронд Д.Хүрэлбаатарыг томилох саналыг УИХ-ын дарга гаргасныг Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.
Ерөнхий аудиторыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нэр дэвшигчийг дэмжиж байна. Хариуцлага алдсан хүмүүс нь тайлангаа тавихгүйгээр ажлаас чөлөөлөгддөг байдал ажиглагдлаа. Өнгөрсөн дөрвөн жил аудитын байгууллага үндсэн үүрэг бүхий ажлаа хийгээгүй гэж үзэж байна. Бонд, зээл авч байхад аудитын байгууллагын дуу хоолой хаана байсан юм бэ. Ерөнхий аудитор А.Зангад өнөөдөр энд өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа тайлагнах ёстой байсан. Тиймээс шинээр томилогдож байгаа Д.Хүрэлбаатарын хувьд ирэх дөрвөн жил ажиллахдаа олон нийтийн хяналтыг тавьж ажиллаарай гэж хэлье" гэв.
Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар “Аудитын тухай хуулиар олон нийтийн хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангаж ажиллах ёстой байдаг. Энэ зарчмаа барьж ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Д.Хүрэлбаатарын хувьд төрийн ажлын туршлагатай хүн. Аудитын байгууллага УИХ-аас бусад төрийн байгууллагуудад санхүүгийн хяналт тавьдаг ганц байгууллага. Жилийн эцэст аудитын шалгалт хийгээд, зөвлөмж гаргах биш гүйцэтгэлийн аудитыг цаг тухайд нь хийж, УИХ, байнгын хороодтой хамтарч ажиллах нь чухал” гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнгөрсөн парламентийн үед хэд хэдэн ажлын хэсэгт багтаж, шалгалт хийж байсан. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийг яаж эрх мэдлээ урвуулан ашигладгийг харсан. Энэ үед аудитын ерөнхий газар ямар дүгнэлт гаргаж, ямар арга хэмжээ авсан нь одоо болтол тодорхой биш байсан. Тиймээс аудитын байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах нь чухал. Өмнө нь хийсэн аудитын газрын шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж байх ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Д.Хүрэлбаатарыг дэмжиж байгаа. Аудитын байгууллага бол анхнаасаа зөв суурь нь тавигдсан, олон дарга солигдоогүй газар бодож байна. Тиймээс цаашдын ажлаа хийхдээ өмнөх жилүүдийн алдаа оноог засч, төрийн аудитын хуулийн хүрээнд онцгой анхаарч ажиллаарай. Мөн аудитын байгууллагын боловсон хүчний асуудалд анхаарч, халаа сэлгээ бага хийгээрэй” гэсэн санал дэвшүүлсэн юм.
УИХ-ын гишүүд санал хэлсний дараа Д.Зангадыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонхи дэмжсэн тул Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.
Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг ажлаас нь чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ш.ОЧ