Эцэг хуулиа манав уу, тоноод байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.01.13-нд нийтлэгдсэн

Эцэг хуулиа манав уу, тоноод байна уу?

Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа батласнаас хойш 92 жилийг үджээ. Энэхүү Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд “БНМАУ-ын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр нь устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ” гэснээр тухайн үеийн алтан ургийнхан, ван, гүн, тайж, ноёд, шашны мяндагтнуудаа албан ёсоор ангийн дайсан болгон тунхагласан гэсэн үг. Ингэж зааснаас гадна тэдний улс төрийн эрхийг хасчээ. “Үлдэгдлийг үндэсээр нь устгаж…”. Рыскулов, Элбэгдорж Ренчино нарын оролцоотойгоор Оросын коммунистууд ингэж Монголын оюун тархийг үгүй хийх бодлогоо хэрэгжүүлжээ. Энэхүү Үндсэн хуулиас хойш монголчууд 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиар шинээр өөрчилсөн аж. Эдгээр Үндсэн хуулиуд нийгэм, улс төрийн шаардлагаар боловсруулагдаж, өөрчлөгдөж байсан нь гарцаагүй. Гэхдээ 1992 оноос өмнөх Үндсэн хуулиудад манаач буюу Цэц байсангүй.

Харин өөрийн гэсэн манаачтай болсон “отгон” Үндсэн хууль буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их хурлын баталсан Үндсэн хуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.  

Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, ард түмний аж амьдрал тухайн үеийнхээс өөрчлөгдөн, солигдов. Харин Үндсэн хууль хэвээрээ. Зарим талаараа Үндсэн хууль  нийгмийн шаардлагатай харшилдах болов. Үүнийг магадгүй, Үндсэн хууль гэхээсээ илүүтэй манаачдынх нь байр суурьтай холбоотой гэж болно.

Ингэж хэлэх үндэслэл нь Цэцийн шийдвэрлэж буй маргаан. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой, хүний эрхийг хамгаалах зорилготой хуулиуд Үндсэн хуулийн Цэцэд очоод унаж байна. Ялангуяа хүний эрхийг хамгаалах гол амин сүнс болсон заалтууд нь хүчингүй болох жишээтэй.  Дээр нь өнөөгийн нөхцөл байдлаар дүгнэж холбон үзэж болохоор асуудлыг ч Цэц хуучны жишгээр тооцож эцэг хуультай харшилж байна гэж дүгнэх болов.

Хамгийн хөгийн нь Үндсэн хуулийн Цэц нэг маргааны талаар хоёр өөр шийдвэр гаргадаг болов.

Иргэдийн санал хамгийн их гээгддэг мажоритари тогтолцооноос холимог буюу пропорциональ тогтолцоог оруулж ирсэн УИХ-ын сонгуулийн хуулийг 2012 онд Үндсэн хуульд харшлаагүй, сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр Монголд хэрэгжих боломжтой гэж үзэж эцсийн шийдвэрээ гаргаж байсан бол дөрвөн жилийн дараа боломжгүй гэх жишээтэй.

Өөрөөр хэлбэл Цэц 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3-р тогтоолоороо пропорциональ тогтолцоог Үндсэн хуультай нийцэж буйг баталгаажуулсан хэр нь 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 5-р дүгнэлтийн үндэслэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэж үзэж, өмнөх шийдвэрээ өөрсдөө үгүйсгэх жишээтэй. Үндсэн хууль өөрчлөгдөөгүй атал ийм эсрэг тэсрэг шийдвэр гаргаад байгааг өөрсдөө л тайлбарлаж чадах байх. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л байна гэдэг ч үнэндээ түүнээс наана улстөрчид байгаагийн тод жишээ нь энэ.

Маргаан үүсгэсэн гол асуудал нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалттай зөрчилдсөн, зөрчилдөөгүй. Гэтэл шууд бөгөөд саналаа нууцаар гаргах сонгуулийн зарчмыг Монголчууд аль эрт буюу 1949 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар тусгаж, хэрэгжүүлж иржээ.

Асуудал Үндсэн хуульд УИХ-ыг бус УИХ-ын “гишүүн”-ийг шууд сонгоно гэж заасан байгаагаас үүдэлтэй байх бөгөөд маргааныг нь Цэц хагалахдаа маргагч талуудын аль альнийх талд орж шийдсэн нь Цэцийг согтуу юм уу, уймраа юм уу гэж үзэхэд хүргэж байна.

 Тэгэхээр Үндсэн хуулийг хамгаалах ёстой Цэц өнөөдөр өөрөө Үндсэн хуулийн №1 “дайсан” болчихсон явна. Хэдийгээр Ж.Бямбадорж даргаар нь ажиллаж байхад Үндсэн хуулийн Цэц манаачийн үүргээ сайн гүйцэтгэж байсан гэдэг ч энэ нь өөрөө утгагүй зүйл. Сайн, муу хүнээсээ үл хамаараад Цэц Үндсэн хуулиа манах нь зайлшгүй бөгөөд зарчмын асуудал.

Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна Цэц нөлөөнд автахгүй байх, тийм боломжийг олгохгүй байх тогтолцоог бүрдүүлэх нь өөрөө амин чухал асуудал болжээ.

Өнгөрсөн хугацаанд гаргасан Цэцийн шийдвэрийг хараад байхад Үндсэн хуулийн өөрсдийнхөөрөө тайлбарлаж, шаардлагатай бол өөрсдийнхөөрөө мушгин гуйвуулдаг болоод ч байх шиг. Тиймээс л Цэц Үндсэн хуулиа манаад байна уу, тоноод байна уу гэх асуултыг эцэг хуулийн мэндэлсэн өдрөөр тавив.          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж