Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотноо сонирхолтой үргэлжилж байна. Башё эхлээд таван өдрийн барилдаан явагдсан ч тэргүүлэгчдийн эгнээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато нар нэг ч унаагүй явна. Тэдэнтэй маэгашира Таканоива А.Баасандорж, Соококүра, Саданоүми нарын бөхчүүд таван даваатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байгаа.
Өчигдрийн барилдаанд Какүрюү М.Ананд комосүби Такаяасүтэй барилдаж өвдөг шороодон гурван унаатай боллоо. Одоогоор Какүрюү, Харүмафүжи нарын аваргуудын унааны тоо адил болсон. Тэдний хувьд энэ башёг амжилт муутай эхлүүлсэн.
Озэки Кисэносато энэ башёд түрүүлбэл ёкозүна болох боломжтой. Түүний хувьд өнгөрөгч 12 сарын барилдаанд 12 давааг авсан билээ. Кисэносато өчигдрийн барилдаанд аварга, арслангуудыг дараалан даваад байгаа Митакэүмигаар даваагаа ахиулсан.
МОНГОЛЫН БӨХЧҮҮД ОДООГООР:
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-2
- Ёкозүна Какүрюү М.Ананд 3-2
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-4
- Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-1
- Маэгашира-2 Араваши Э.Дөлгөөн 0-5
- Маэгашира-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2
- Маэгашира-10 Таканойва А.Баасандорж 5-0
- Маэгашира-13 Ичиноёжо А.Ичинноров 4-1 гэсэн амжилттай явна.
Ч.БОЛОР