Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгаас төл бойжуулалт болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар тодрууллаа.
-Энэ хавар сүүлийн жилүүдэд байгаагүй олон төл хүлээж авч бойжуулсан юм байна. Малын тоо толгой хэд хүрч байгаа вэ?
-Энэ хавар 13 сая төл хүлээж авлаа. Төл бойжилт сүүлийн 10 гаруй жилд байгаагүй үр дүнтэй байна. Ирэх өвөл улсын хэмжээнд 43-44 сая толгой мал өвөлжинө. Энэ нь өнгөрсөн жилийнхээс арав гаруй хувь илүү мал өвөлжинө гэсэн үг.
-Өвлийн бэлтгэл хангах талаар хөдөө аж ахуйн салбарт юу хийх вэ?
-2011-2012 оны өвөл хөдөө аж ахуйд олон зүйлийг батлах, тогтворжуулах, ирээдүйг баталгаажуулах онцлогтой юм. Малчид, тариаланчид, айл өрх бүр, цаашлаад Засгийн газрын төвшинд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж ажиллах ёстой. Аймаг бүрээр өвөлжилтийн бэлтгэлийн явц ямар байна гэдгийг наймдугаар сарын 15 гэхэд сонсоно. Хадлан тэжээл, хашаа хороо ямар байна гэдгийг сонсох юм. Энэ жил чийг сайтай, дулаан байгаа тул хадлан тэжээлийн ургац сайн байна. Өнгөрсөн жил авсан хадлангаа бараагүй гэж түүндээ тайвшраад хойш ухраад байвал байгалийн бэрхшээл өршөөхгүй. Малчид өөрсдөө хадлангаа бэлтгэх хэрэгтэй. Төр, засаг харин хууль эрх зүйн орчин, төсөв санхүүгээр дэмжие гэж байгаа. Тэр нь зөв юм байна. Үр дүнд хүрч байна. Монгол Улс эрүүл малтай байх ёстой. “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж байна. Малд шүлхийн вакцин хийнэ. Ирэх есдүгээр сараас 30 гаруй сая толгой малд толгой дараалан урьдчилан сэргийлэх тарилга хийхээр боллоо.