Давтан зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2017.01.12-нд нийтлэгдсэн

Давтан зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг цуцална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцээд гишүүдийн 95.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Зарчлийн тухай хуульд хуулиар тогтоогдсон 220 хэм, хэмжээтэй холбоотой асуудлыг зохицуулахаар заажээ. Мөн зөрчилд прокурор хяналт тавихаар заасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбараар бол ижил төстэй зөрчил гаргасан иргэдэд харилцан ялгаатай шийтгэл оногдуулдаг, төрийн албан хаагч иргэдэд өөрийн үзэмжээр шийтгэл оногдуулдаг зохицуулалтгүй, замбараагүй байдал газар авсныг таслан зогсоохын тулд энэ бүх асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгад нарийн зааж өгсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бизнесийн орчин таатай биш, аж ахуйн нэгж дээр ирж байгаа шийтгэл торгуулын хэмжээ өндөр байгаа. Энэ хууль батлагдсанаар бизнесийн орчин сайжрах уу. Хуулийн төслийг судлахаар торгох шийтгэх заалт нь давамгайлаад байна. Тэр дундаа амьдралд хэрэгжихэд хүндрэлтэй заалт олон байна. Жишээлбэл, агаарын бохирдлыг бий болговол ийм шийтгэл ногдуулна гэх мэт.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Бүх зөрчлүүдэд торгуулийн санкц үйлчилнэ. Хувь хүн дээр 1000, хуулийн этгээд дээр 10-30 мянган төгрөгийн торгуулийн нэгж хэрэглэх нь. Ямар судалгаан дээр энэ нэгжийг тогтоов.

Архи, тамхи, ашигт малтмал, түүхийн үнэт дурсгалтай холбоотой зөрчил гаргачихаад давтан үйлдэх талтай байгаа. Зөрчлийг давтан үйлдвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгож, өгөхгүй бол болохгүй. Давтан үйлдвэл Эрүүгийн хуулиар шийтгэдэг байхаар заавал яасан юм бэ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Ашигт малтмал уул уурхайн компани давтан зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар зааж оруулсан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Удаа дараа торгуулиа төлөөд үйл ажиллагаа явуулаад байвал яах вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Зөрчлийн тухай хуулийн төсөл нь шинэчилсэн найруулга учраас зарчмын зөрүүтэй санал гаргаад тусгаад явах боломжтой гэсэн хариулт өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж